Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсролын “Pearson BTEC” хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилээс дотоодын зургаан политехник коллежид нэвтрүүлсэн билээ. Уг хөтөлбөрийн чанарыг тогтвортой хадгалах зорилгоор дэлхийн стандартын дагуу жил бүр үнэлгээ, баталгаажуулалт хийдэг журамтай. Үүний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийг хоёр дахь удаагаа шалгалтад хамруулж, сургалтын чанарыг нь үнэлсэн байна.
Эл үнэлгээг “Pearson” байгууллагын олон улсын шинжээч Ян Жинкс болон Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газрын захирал М.Найдалмаа нар хамтран зохион байгуулсан юм. Шалгалтын явцад сургалтын бодлого, журам, баримт бичиг, суралцагчдын гүйцэтгэл болон орчны нөхцөл зэрэг үзүүлэлтийг нэгбүрчлэн хянасан аж. Ингэхдээ тус коллежийн шинээр байгуулсан компьютерын лаборатори нь оюутнуудад орчин үеийн мэдээлэл технологийн талбарт ажиллах боломж бүрдүүлснийг албаныхан онцлов.
Дархан политехник коллеж нь уг хөтөлбөрийг өнгөрсөн хичээлийн жилээс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 672 суралцагчийг хамруулаад буй аж. Тэд гурван жилийн дараа сургуулиа төгсөөд дэлхийн аль ч улсад хүчин төгөлдөр үйлчлэх мэргэжлийн диплом гардан авах юм.
Э.Сондор