Монголын хөрөнгийн бирж болон “BGM Asset management” хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны FTI (Future tech innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын технологийн салбарын чиг хандлагыг дагасан анхны индексүүдийн нэг болж буйгаараа онцлог юм. Бүтэц нь технологи болон AI чиглэлийнх 50 хувь, Америкийн топ 500 компанийг багцалсан индексийнх 30, (COPX ETF) буюу зэсийн салбарынх 10, эрчим хүчнийх мөн 10 хувь байна. Өөрөөр хэлбэл, нэг компанийн хувьцаа бус, дэлхий дээрх 800 гаруй аж ахуйн нэгжийг хамарсан өргөн хүрээний багц гэсэн үг.
FTI индексийг зах зээлд нэвтрүүлснээр Монголын хөрөнгийн биржид үүнийг дагасан ETF, хамтын сан, бүтэцтэй бүтээгдэхүүн зэрэг санхүүгийн шинэ хэрэгслүүд бий болох суурь тавигдаж буй аж. Тодруулбал, монгол хөрөнгө оруулагчид заавал гадаадын брокер дээр данс нээлгүйгээр дэлхийн технологийн өсөлт, өрсөлдөөнд оролцох боломж нэмэгдэнэ гэж салбарынхан үзэж байна. Санхүүгийн зах зээлийн хувьд энэ алхам нь уул уурхайн хувьцаанаас гадна “ирээдүйн технологийн эдийн засаг”-тай холбогдох гүүр болж, ялангуяа AI, дата төв, цахилгаан машин, эрчим хүчний шилжилт зэрэг мега трэндүүдийг дотоодын хөрөнгө оруулагчдад ойртуулах боломжтой гэв.
Г.Сансар