Монголын урлагийн зөвлөлийн захиалгаар Чойжин ламын сүм музейн Хотол чуулган тус-энх амгалангийн тив буюу Өргөлийн сүмийг сэргээн засварлахаар боллоо. Гол сүмийн зүүн талд байрлах, найман талт өвөрмөц архитектуртай уг барилгыг хүмүүс Өндөр гэгээний сүм хэмээн нэрлэж заншжээ. Учир нь тэнд Анхдугаар Богд Занабазарын урласан, дэлхийд алдартай сонгодог бүтээлийн тоонд зүй ёсоор багтахуйц хосгүй нандин бүтээлүүдийг хадгалдгаараа онцлогтой.
Дэлхийн хөшөө дурсгалын сангийн дэмжлэгтэйгээр уг сүмийн суурь судалгааг 2025 онд гүйцэтгэсэн бөгөөд энэ оны эхний улиралд барилгын зураг төсөл, төсвийг боловсруулан батлуулснаар гүйцэтгэлийн ажлыг ийнхүү эхлүүлжээ. Сэргээн засварлах ажлыг соёлын биет өвийг хамгаалах, сэргээх эрх бүхий “Эм би арктек констракшн” компани хариуцан ажиллаж буй гэнэ. Тэд төслийг ирэх наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт багтаан холбогдох байгууллагууд болон ажлын хэсгийн хяналтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн аж. Чойжин ламын сүм музей нь Гол, Занхан, Ядам, Зуу болон Хотол чуулган тус энх амгалангийн тив гэсэн таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрдэх Монголын түүх, шашин, соёлын хосгүй өвд тооцогдох цогцолбор юм. Музейн сан хөмрөгт шашны уламжлалт зан үйл, өв соёлыг илэрхийлэх 6000 гаруй үзмэр хадгалж буйгаас 77 нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд багтдаг аж.
У.Сүрэн