НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад айлчилж байна. Түүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Жендерийн үндэсний хорооны төлөөлөл хүлээн авч улзаж, авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар танилцуулж, мэдээлэл солилцжээ. Манай улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зүйлийг тусгайлан хуульчилсан талаар уулзалтын үеэр онцлон дурдав.
Шинжээч Грэйм Рийд хүмүүсийн бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын хүний эрхийн баримт бичгүүдийн хэрэгжилт, илэрч буй ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн шалтгаан, үр дагавар, түүнийг арилгахад учирдаг сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, яриа хэлэлцээ өрнүүлэн, улмаар дүгнэлт, зөвлөмж гаргах аж. Тэрбээр энэ сарын 29 хүртэл манай улсад байх бөгөөд Улаанбаатараас гадна Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад талуудтай уулзах гэнэ. Үүний дараа урьдчилсан дүгнэлтээ энэ сарын 29-нд танилцуулах аж.