Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү өчигдөр Улсын ерөнхий прокурорын газарт ажиллажээ. Тэрбээр иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг хариуцан ажиллаж, санал гомдлыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлүүлэхийн тулд холбогдох байгууллагынхантай уулзаж буй юм. Энэ удаа тэрбээр орон сууцын залилан, луйвартай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад ажиллаж байгаа аж.
Нэг орон сууцыг таван иргэнд зэрэг худалдсан, мөн захиалга хийж, мөнгөө өгөөд хохирсон зэрэг олон асуудлыг судалж буй юм билээ. Тэрбээр энэ талаар “Улсын ерөнхий прокурорын газрынхантай уулзаад ирлээ. Орон сууцын залиланд өртсөн иргэдийн хэргийг шийдвэрлэж, хохирлыг хурдан нөхөн төлүүлэхийг хүслээ. Тэд ажиллаад эхэлсэн юм байна. Нийслэлийн прокурор дүүргүүдээр ажиллаж, санал боловсруулж буйг дуулгасан. Өчигдөр би Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнтэй уулзсан. Удахгүй ЦЕГ-т ажиллана. Үүний дараа уг асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулаад Ерөнхий сайдад танилцуулна” гэлээ.
Мөн УИХ-ын хоёр гишүүн Барилгын болон Орон сууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж буй аж. Дээрх луйврыг зогсоохын тулд иргэн тухайн компанитай захиалгын гэрээ хийсэн л бол УБЕГын цахим хуудсанд үүнийг ил тод оруулдаг байх, ингэснээр нэг орон сууцыг хоёр хүнд давхардуулан худалдах, гэрчилгээг нь банканд барьцаалах зэрэг луйвар, эрсдэлээс сэргийлнэ гэж тусгажээ.
С.Уул