Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд газар хөдлөлийн асуудлаар ҮАБЗ-д өчигдөр мэдээлэл хийлээ. Үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Одоогоос яг нэг жилийн өмнө, 2010 оны нэгдүгээр сарын 22-нд ҮАБЗ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж, Улаанбаатар хотын газар хөдлөл, чичирхийлэлтэй холбоотой асуудлыг сонссон.
Тэр үед Улаанбаатар хотын орчимд газрын чичирхийллүүд болж байсан юм. Ингэж газар хөдлөлийн асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй ярилцаад, энэ талаар хийж буй ажлынхаа мэдээллийг жил бүр нэгдүгээр сард ҮАБЗ-өөр сонсож байхаар шийдсэн. 2010 оны гуравдугаар сарын 18-нд Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай гэсэн ҮАБЗ-ийн зөвл өмж гарсан. Барилга бүрийг паспортжуулах, нэгдсэн мэдээлэлтэй болгох ёстой.
Болзошгүй газар хөдлөлтөд хэдэн барилга нурахаар байна. Хэдийг нь өөрчлөх, хэдийг шинэчлэн барих зэргийг тодорхой болгосон байх учиртай. “Бэлтгэлтэй байх” гэсэн бусад оронд болж буй гамшгаас хийсэн нэг дүгнэлт байдаг.
Ийм байвал хамгийн бага хохирол амсдаг юм байна. Чили, Гаитид болсон газар хөдлөлийг харьцуулсан судалгаа байдаг. Төр засаг нь, ард иргэд нь бэлтгэлгүй байвал их хохирол амсдаг юм байна. Манай нийслэл хүн амьдрах орчны хувьд ч, газар хөдлөлийн хувьд ч маш аюултай бүс болж хувирсан.
Ер нь нийслэлийг зориод энд амьдарна гээд төлөвлөөд байх бол нэг их хүсүүштэй биш болжээ гэдгийг улс орон даяар ойлгох хэрэгтэй юм.
Шинээр байшин барихдаа газар хөдлөлтийн стандартыг заавал мөрдөх ёстой шүү” гэв. УОК-ын даргын мэдээлснээр Газар хөдлөх үеийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ. Тэдний боловсруулсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, газар хөдөлснөөс үүсэх гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргажээ.
Тогтоолын дагуу газар хөдлөлийн нарийвчилсан судалгаа хийх, хот орчмын хагалбарууд дээр байнгын ажиглалтын цэг байгуулахад зориулж 2.1 тэрбум төгрөг төсөвт оруулсан аж. Мөн газар хөдлөх үед ашиглах техник, багаж худалдан авахад 6.8 тэрбум төгрөг жил бүр төсөвлөж байхаар болжээ.
Барилга байгууламжийн менежментийн мэдээллийн систем байгуулах, паспортжуулах ажлын хүрээнд нийслэлийн 2378 орон сууцны барилгад газар хөдлөлийн нэгдсэн судалгаа хийхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нурж болзошгүй 17, дахин төлөвлөлтөд тусгаж шинэчлэх 27, аюултай нөхцөл үүсгэж болзошгүй 309 барилга буйг тогтоожээ.