
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ганцхан зүйлийг улс төрчид болон иргэдээс хүсмээр байна. Юу гэхээр цар тахал, вакцинжуулалтыг улс төржүүлж иргэдэд буруу мэдээлэл өгөхгүй байхыг хүсэж байна. Учир нь нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед энэ сэдвийг улс төржүүлэх хэрэггүй. Жишээ нь өчигдөр засгийн газраас яригдаагүй асуудлыг худлаа мэдээлж байна. Өнөөдрөөс засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй мэдээллийг гадагш тараахгүй байх журам гаргаж байна.
Гүйцэтгэх засаглалын хувьд нууц асуудлыг хэлэлцэх тохиолдол бий. Үүнд вакцин татан авалттай холбоотой нууц асуудал, худалдааны хэлэлцээртэй холбоотой олон асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг бусад улсад мэдээлэх боломжгүй нууц асуудал байгааг үгүйсгэх аргагүй. Төрд бас нууц гэж бий. Иймд засгийн газраас албан ёсоор зарлаагүй мэдээлэлд иргэд битгий автаарай.
Засгийн газрын хуралдаанаар гарсан албан ёсны шийдвэрийг бид илүү боловсронгуй болгож иргэдэд мэдээлэхээр төлөвлөж байна. Цар тахал болон вакцинжуулалтаас бусад асуудал дээр засгийн газрыг дураараа шүүмжилж болно. Шаардлагатай бол намайг шүүмжил. Харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон худал мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг хүсье" гэв.