Израилийн сэтгүүлч Исраэль Шамир “Русский репортёр” сэтгүүлийн редакцтай хамтран “Wikileaks” цахим хуудсыг дэмжих сан байгуулж, уг цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Москвад ирэхийг урьжээ.
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад байгаа Жулиан Ассанж одоо Их Британид байгаа бөгөөд Вестминстрийн шүүх түүнийг Шведэд шилжүүлэн өгч магадгүй байгаа юм.
“Викиликсийн нөхөд” хэмээх энэ сан Жулиан Ассанжид зориулан “Яндекс.деньги” мөнгөн гуйвуулгын системээр хандив цуглуулж буй аж. Лондон дахь ОХУын дипломат төлөөлөгчийн газарт виз хүссэн өргөдөл гаргасан Жулиан Ассанж гурван долоо хоногийн дараа Москвад хөл тавьж магадгүй байна.
Түүний өмгөөлөгч Марк Стивенс “Энэ талаар урьдчилан хэлэх боломжгүй. Ж.Ассанж Орост очих эсэх нь шүүхийн шийдвэрээс хамаарна” гэж мэдэгджээ.