“ҮСГИЙН ОРОНД ТОХИРОХ ҮГИЙГ НӨХНӨ ҮҮ”
М.А.Х.Н-ыг юу ч гэж тайлж болно. “Манай Айлын Хөөрхөн Навчаа”, “Монгол Ардын Хуурамч Нам”…Гэхдээ улс төрийн хүчний нэр тул илүү ноён нуруутай, сахилга баттай үгсийг цуглуулах учиртай. Үсгийн оронд үг нөхөх хөгжөөнт тэмцээнд уралдсан улстөрчид толгой өөд таталгүй тэмцэлдэж байна. МАХН гэсэн дөрвөн үсгийг дэлгэрүүлэн уншиж болох бүхий л хувилбарыг тэд хэдхэн өдрийн дотор бодож олжээ.
Ийн 30 гаруй намын нэр Ардын намын хоёрхон хүний нэр дээр Монгол Улсад шинээр бүртгэгдлээ. Монгол ардын хувьсгалт нам сүүлчийн түүхэн их хур лаараа намынхаа нэрийг сольж, төрөлх Монгол ардын нам нэрээ сэргээснээс хойш дотооддоо ширүү хэн тэмцлийг эхлүүлэв.
“Олгой хагаравч тогоон дотроо” хэмээх ардын философийг эрхэмлэдэг уугуул намын журамт цэргүүд өнгөцхөндөө нэр усны, хэтдээ улс төрийн эвлэршгүй “дайнд” мордоод байна. Ардын нам руу нүүсэн МАХН-ын удирдлага болон гишүүдийн олонх бууриа сахиж, МАХН-ын нэрийг ашиглахаар үлдсэн цөөнхийн хооронд эл дайн дэгдээд байгаа юм.
МАН-ын дэргэдэх залуу чуудын бай гууллагын тэргүүн Л . О ю у н - Э р д э н э үсгийн оронд үг нөхөх замаар намын нэр бодож олдог, түүнийгээ бүртгүүлж авдаг хообийтой гэдэгт итгэхгүй байна. Түүнд үүнийг журмын ах нар нь даалгажээ. Ардын намд тийм олон намын гуншинг халааслах хэрэг юу билээ?
Ямар нэг МАХН-ыг бүртгүүлэх марафонд гүйсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг уралдааны замаас шахах оролдлого хийсэн нь тэр. УИХ-ын 2012 оны сонгуулийн хуудас дахь намын нэрийн жагсаалтад МАХН-ыг бичүүлэхгүй байх нь МАН-д маш чухал байна. Ц.Шинэбаяр Монголын алдарт хувьсгалт намаа өөрийн нэр дээр болгож авч арайхийн амжжээ.
Хэрэв МАН-ынхан энэ нэрийг түрүүлээд олзолчихсон бол мань Ц.Шинэбаяр өөр нэгэн МАХН товчлолтой нам мөн л шинээр бүртгүүлэх байж. МАХН гэдэг нэр яах аргагүй 87 жилийн турш уншиж, бичигдэж танигдсан улс төрийн брэнд. Энэ нэрийн дор эгнэж асан гишүүдэд МАХН хайран байна.
Сонгуулийн жил ойртох тусам нүднээ дасал МАХН нэр улам үнэд орж, лав Ц.Шинэбаяр УИХ-ын сонгуульд МАХНаас нэр дэвших нь тодорхой боллоо.
МАХН-ААС ЖИЙРХЭХ БАС НЭГЭН УЧИР-ЗАСГИЙН ГАЗАР
Ардын намынхан Ц.Шинэбаярын нэр дээр бүртгэлтэй Монголын алдарт хувьсгалт намаас юунд нь тэгтлээ эмээг ээд байгааг зөвхөн үг, үсгийн шалтгаанаар харвал эндүүрэл. Ц.Шинэбаяр УИХ-ын 2008 оны сонгуулиар бүрэлдсэн одоогийн Парламент дахь МАХН-ын бүлгийн гишүүн байсан бөгөөд бүлэг нь нэрээ солиход УИХ-ын сул гишүүн болсон. Тэр ганцаараа бол аюулгүй.
Гэвч МАН-ын бүлгээс түүний МАХН руу гэтэгсэд 4-5 гишүүнээр тоологдох болоод байгаа юм. Хэрэв Ц.Шинэбаяр эгнээгээ долоон гишүүнээр тэлбэл УИХ-д бүлэг үүсгэх эрхтэй болж, муурын сахал байтугайгаар оролдож дөнгөх билээ. УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдахыг МАН яахин хүсэх. Хүчтэй сөрөг хүчингүй УИХ МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын ажлыг хүнийхээ олноор дэмжин суугаа.
Засгийн газар мөрийн хөтөлбөртөө амласан гол ажлуудын дийлэнхийг дугуйлах улс төрийн “өндөр” жил гараад удаагүй байхад МАХН УИХ-д бүл нэмбэл улс төрийн тоглолтоо хамтарсан Засгийн газарт хариуцлага тооцохоос эхлэх нь дамжиггүй.
Тэд Засгийн газрын эсрэг байр суурьтай АНын бүлгийн цөөнхтэй барьцаа нэгтгэвэл сайд нарын танхимыг огцруулж эс чадлаа гэхэд олон нийтийн анхаарлыг мөнөөх шинэхэн МАХН руугаа түвэггүй татаж орхино. УИХ-ын өндөр тайзнаа дэглэгдэж, үр дүн нь сонгуулиар харагдах алив тоглолтын боломжийг МАН МАХН-д олгохоос болгоомжлох нь зүй. УИХ дахь МАН-ын бүлэг Ц.Шинэбаяраа эс тооцвол “элэг бүтэн” байгаа.
Гэвч “хамар нь мурийсан” гишүүд хэдийнэ тодорсон. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.БалданОчир нар МАН-ын зүгээс Ц.Шинэбаяр тэр гүүтэй МАХН-ын Түр штабын хувьд баримталж буй бодлогыг шүүмжилж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод захидал илгээсэн. Харин тэд өчигдөр бүлгийнхээ хурал дээр захидлынхаа хариуд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс эелдэг бус “ерөөл” сонсжээ.
“Хоолны чинь аягыг хагална шүү” гэсэн генсекийн заналхийллийн хариуд “Шүүхэд хандана” гэлцсэн хэрүүлээр Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн хоёр салсан бөгөөд одоо тэд намын удирдлагатайгаа илэрхий түнжин эвдрээд байна. Намын даргад хаягласан захидалд гар бие оролцоогүй ч, байр суурь дөхөмтэй өөр нэг эрхэм Э.Мөнх-Очирыг Ерөнхий сайд С.Батболд өрөөндөө дуудан цайлж, жигнэмэг хазан, урлаг спорт хөөрөлдөнгөө захидлын цаад учир, нууц эзнийг мэдэхийг соёлтойгоор хүссэн гэнэ.
МАН-ААС МАХН РУУ ЭРГЭХИЙН УЧИР
МАН-ын бүлгийн эдгээр таван гишүүний улс төрийн луужин хааш заах нь энэ өдрүүдийн сонин болох нь. Захидалд нэрээ дурайлгасан дөрвийн хувьд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дотны нөхөд гэдгийг МАН-ынхан юу эс андах. Тиймдээ ч С.Батболд тэдэнтэй жигнэмэг хуваах гэж яарахгүй байгаа юм. Хэрэв УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар өмгөөлж хамгаалсан захидлын “буруутан” Ц.Шинэбаяртайгаа, өөрөөр хэлбэл Түр штабын цаад эзэн Н.Энхбаяртай хамт шинэ МАХН-ыг эмхлэхээр зоригловол тэд МАН-ын бүлгээс дахиад хэдэн гишүүн сугалж, УИХ-д бүлэг байгуулахаа эн тэргүүний зорилт болгох биз ээ.
МАН-д одоо өрнөж буй шинэтгэлийн үйл явцын хүрээнд кампаничилсан, хиймэл арга хэмжээнүүдийг тулгаж байгаа нь жирийн гишүүдэд нь эргэлзэх сэтгэгдлийг төрүүлж байгааг үүрүүдээс илэрхийлэх болжээ. МАХН-ын Түр штабаас урьтах гэж МАН-ын үүрүүдийн гишүүн болгонтойгоо үзэл суртлын хувьд тулж ажиллах тэнэглэл хэрээс хэтэрсэн байна. Өнгөрсөн шинэ жилийн баяраар үүрүүд бэлэг сэлтэд дарагдаж, хагас бүтэн сайнд заавал нэг ухуулсан сэнхрүүлсэн арга хэмжээнд уригдах болжээ.
МАН-ын энгийн олонхийн хувьд үг үсэг хөөцөлдсөн удирдлагынх нь үйлдэл огт сонирхолгүй байгаа. “Н.Энхбаярын нөхдүүд” л бичсэн болохоос тэдний захидалд өгүүлсэн шүүмжлэл бүр МАН-ын өнөөгийн бодит байдлын үнэн юм. МАХНын XXVI их хурлаар төлөөлөгчдийнх нь хөндсөн үйл ажиллагааны шинэтгэл одоогоор эхлээгүй байгааг олон нийт ч хүлээж байна.
Тухайлбал, МАН-ыг зарлан тунхагласан их хурлаас хойших томоохон албан тушаалын томилгоонууд С.Батболд, У.Хүрэлсүх нарын халаасны давчуу хүрээнд хийгдсэнийг онцолж болно. Хэрэв С.Баяр, М.Энхболд, У.Хүрэл сүх, С.Батболдын татаасгүй бол томилолт өвөрлөхгүй нь тодорхой байсан МАХН-ын гомдол МАН-д уламжилж байх шиг. Эдгээр лидерийн хэнийх нь ч биш МАН-ын жирийн гишүүд Н.Энхбаярыг түшиж, МАХН-ыг дагах бодол өвөртлөх магадлалтай.
МАН-ын шийдсэн сүүлийн халаа сэлгээний эздээр тодроод байгаа нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн экс Засаг дарга нарыг МАХНын Түр штабтай холбоотой болсон гэж хэлэх эх сурвалж байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нотолсонгүй. Гэсэн ч МАН-д гомдогсдын цуваа МАХН руу эргэхийг үгүйсгэх аргагүй нөхцөл бүрдсэнийг онцолъё.
Б.Энхцэцэг