АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны ээлжит бус хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус нам доторх фракцууд ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөөх марафон явуулж, МоАХ, “Алтангадас”-аас Э.Бат-Үүлийг дэвшүүлэх, эсвэл нийслэлийн намын хорооны дарга Ш.Түвдэндоржийг зүтгүүлэх гэх мэтээр хэвлэлээр мэдээлсэн таамгийн аль нь ч болсонгүй. Нэг ёсондоо Д.Эрдэнэбатыг солих эсэх тухай нэг ч өгүүлбэр ярьсангүй өнгөрлөө. Гэхдээ АН-ын ҮЗХ-ны ирц тун муу байв.
228 гишүүнээс нь 133 нь буюу 54 хувь нь хуралдаа суусан. МоАХ, МҮДНынхан хурал хаяжээ. АХХ-г төлөөлж тэргүүн З.Энхболд, нийслэлийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.Батзандан нар, МҮДНыг төлөөлж Л.Гантөмөр суужээ. МҮДН дотроо хоёр хуваагдсан учир Н.Баярбат нарын тэргүүлэгчид нь суугаагүй аж. Нэг ёсондоо “Алтангадас”-аас бусад фракц нь хурлаа ирцээр бойкотолсон нь энэ.
ҮЗХ-ны хурлын өмнө “Алтангадас”- ынхантай Н.Батбаяр тэргүүтэй генсек солихын эсрэг байгаа фракцынхан уулзсан байна.
Тэд “Та нар МоАХ-ныхонтой нийлж, нам хагалах ёсгүй” гэсэн сануулга өгсөн гэнэ. Нам хагалсан “автор” болохоос эмээсэн үү яасан “Алтангадас”-ынхан гэнэт л тохиролцооноосоо буцсан аж. Уг нь намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах, дараа нь генсекийг өөрчлөх асуудал ярих байж. Дүрмийг өөрчлөхгүйгээр ингэх боломжгүй учраас тэр. Гэвч дүрэмд ийм төрлийн өөрчлөлт оруулах тохирооноосоо “ах” фракц буцсан тул МоАХ-ныхон хурлаа хаян гарчээ.
МоАХ-ныхны зүгээс үнэндээ Э.Бат-Үүлийг биш нийслэлийн намын хорооны дарга Ш.Түвдэндоржийг зүтгүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Нэгэнт сандал, суудалтай холбоотой зүйл гараагүй учир тэд “Монгол хүн- 2020” хөтөлбөрийн танилцуулга, Дорнод аймагт хийсэн хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулаад дүрэмд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Намын дарга Н.Алтанхуяг энэ тухай илтгэл тавьсан. “Монгол хүн-2020” хөтөлбөрийг орон даяар хоёр үе шаттайгаар хэлэлцүүлэх тухай тогтоолыг эндээс баталлаа. Мөн намын дүрэмд ямар өөрчлөлт оруулах саналтайгаа ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн.
Асуулт тавих, санал хэлэх хүн ч байсангүй. Ямар сайндаа намын дарга нь “Өнөөдөр манайхан чинь яачихав аа. Асуулт ч байхгүй. Бие нь халахгүй байгаа юм аа даа” гэсээр хурал нь дууслаа. Фракцуудын зарим нь хурал хаяж, зарим нь тохиролцооноосоо буцсанаар АН-ын дарга нар байр байрандаа үлдлээ.