МАН-ын дотоодод ямар гээч хэнээ дэгдэнэ вэ? Хавь ойрынхноо хардаж, сэрдээд, ална, тална, устгана, сөнөөнө гэх хэрцгий үгсийг тус намын залуусын зүгээс хайр гамгүй хэрэглээнд оруулж эхэлж буйг байдаг л нэг саваагүй явдал гэж бодохооргүй болоод ирлээ. Энэ нөгөө яруу алдарт агсан МАХН мөн гэж үү. Юутай хурднаар төрөл арилжих нь энэ вэ? МАН нэртэй болсноос хойш У.Хүрэлсүх тус намаас дэглэж эхэлж буй жүжгийнхээ зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглож, цам харайж эхэлсэн бололтой.
Яг үнэндээ тус намын мөхөл сүйрэл, мандал бадрал миний хувьд огтхон ч хамаагүй. Дашрамд дуулгахад АН ч ялгаагүй. Энэ бүхэн сэтгүүлчид хавирах юм огтхон ч биш. Харин улс төрийн нам хэмээх нэрийн дор улстөрч биш хэнээтэй зарим нэгэн улс үндэстнийг самарч болох үг яриа, үйлдлийг гаргаж байгааг сэжиглэн “Сүрэг чоно” хэмээх нийтлэлийг бичсэн юм.
Олон жил улигласан улс төрийн соёлтой байх зарчим гэдэг нь МАНын тухайд ийм балмад байхын чинээ бодоогүй юмсан. МАН-ынхаа шинэ имижийн төлөөнөө хэрэлдэх, зодолдох юу ч биш, тэрнээс ч цаадахаар нь тэмцэнэ гэдэг үгийг дахин дахин давтах нь санамсаргүй бус санаатай юм шүү гэдгээ У.Хүрэлсүх нар шуудхан хэлж байна.
Уржигдар гэхэд л “тайван” гэх тодотголтой жагсаалыг МАН-ын залуучууд хийхдээ ямар сонин авир гаргав даа. Баахан туг, лоозон урж, дэвсээд л, бөмбөр нүдэж “Бослого тэмцэлд бэлэн” гэж хашгиралдах нь маоизмын үеийн баримтат киног үзэж буй мэт санагдсаныг өчигдрийн хэвлэлүүд нэг өнгөөр мэдээлснийг зохион байгуулалттай гэж үзэх үү, аан. “Сүрэг чоно” нийтлэлийг Намбарын Энхбаяраас маш их мөнгө авч байж бичсэн юм байх аа, би. Үүнийгээ эл жагсаал болох үед л мэдэж авлаа. Н.Энхбаяраас болгоомжлох ёстой гэх мэтээр яах гэж би урьд нь бичиж байв даа.
“Сүрэг чоно”- ыг бичсэний төлөө бухимдан бачуураад байгаа МАН-ын залуучуудын байгууллагынхныг гайхах юм. “Өнөөдөр” сонины бодлого хазайжээ хэмээн У.Хүрэлсүх тэргүүтэн үнэнхүү балай юм ярьж. Энэ чинь харин жинхэнэ “солиотой” явдал биш үү. “Өнөөдөр” сонин ямар нэгэн нам, эвсэл холбоонд харьяалагддаг сонин биш.
Тэр тусмаа МАН-ынх огтхон ч биш гэдгийг У.Хүрэлсүх дарга, түүнийг тойрон гороологчдод чанга хэлмээр байна. Үүссэн цагаасаа зөвхөн МАН төдийгүй улс төрийн бүхий л намуудын сайныг нь сайнаар, саарыг нь саараар бичсээр ирсэн, бичиж ч чаддаг сонин гэдгээрээ бид бахархаж явдаг юм. Улс төрийн намуудын удирдлагын явцуу хүрээнд ганц нэгний хор найруулгаар, хуйвалдаж, хар аргаар үйл ажиллагаа явуулж сурсантайгаа “Өнөөдөр” сонины бодлогыг адилтгаж буй бол дэндүү хол эндүүрчээ.
Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар шиг хязгааргүй амбицтай ганц нэг хүний гоцлон тоглолтоор найгаж байдаг намтай тань адилтгах юм сонинд, тэр тусмаа “Өнөөдөр”-т огт үгүйг та нөхдөд хэлмээр байна. Танаас өмнөх дарга нарын үед эл намд бас ч гэж жудаг байсныг монголчууд сайн мэддэг юм даа, Хүрэлсүх дарга аа.
Ш.Даваадорж