АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсныг бид мэдээлсэн. Энэ хурлаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг солих гэнэ гэх мэдээлэл хүмүүст хүрсэн ч тийм юм болоогүй. “Алтангадас”, МоАХ хоёр генсекээ солихоор тохирсон ч “ах” фракцынхан ярьснаасаа буцсан хэмээн эх сурвалж мэдээлж буй юм. Тэгвэл суудал нь “ганхсан” генсек доорх тайлбарыг өглөө.
-Таныг солих эсэх тухай маргаан хүчтэй байсан ч хэлэлцэх асуудалд орсонгүй. Тохиролцоо хийсэн гэх юм?
-Намайг солих гэж байгаа хэмээн хэвлэлд нэлээд бичсэн. АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн хурал болох бүрт л дарга, цэргээ солих тухай яриа гардгийг та бүхэн мэднэ байх. Олон үзэл бодолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ ийм мэдээллийг цацаад, бичүүлээд байгаа хүнтэй ярих нь чухал гэж би боддог. АН-д тулгамдсан олон асуудал бий. Бид 20 насалсан идэр нам учраас “нялхсын өвчин”-өөс хол байж, бодлогын асуудалдаа анхаарах учиртай.
Тиймээс ҮЗХ илүү бодлогын шинжтэй асуудал ярьж байгаа юм. ҮЗХ хэлэлцэх асуудлаа баталсан, энэ талаар санал гарсангүй.
С.Уул