“Улаанбаатар” зочид буудал. Нэгдүгээр сарын 28. 11.40 цаг. “Хөх асар” танхимын голд цагаан эсгий дэвсжээ. Хэвийн боовоор есөн үе идээ зассан нь хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хаяанд ирснийг сануулах аж. Хээ угалзаар чимэглэсэн, нэлээд нүсэр хэмжээтэй есөн сандал ирийлгэснийг харахад энд хэн нэгэн есөн хүн ирж суух гэж байгаа нь илэрхий. Морин хуурын дөрвөл үндэсний омогшлыг төрүүлсэн эрхэмсэг аялгуу тоглож, хэвлэлийнхэн үзэг дэвтэр, дуран авайгаа зэхэж амжив. Монголын таван одтой анхны буудлын зургадугаар давхар энгийн бус зочдыг хүлээн авахад бэлэн боллоо.
Товлосон морин цагтай уралдан “Хөх асар” дахь есөн суудалд зочид цувран морилов. С.Батболд, С.Батцэцэг, Ц.Элбэгдорж, Х.Цагаанбаатар, Д.Дэмбэрэл, Н.Алтан - хуяг, М.Энхболд, Г.Мөнхбаяр, У.Хүрэлсүх… Нэрсийг хараад эрхэм уншигч ямар учиртай ёслолд зориулан “Улаанбаатар” зочид буудалд цагаан эсгий дэвссэнийг ойлгоо биз ээ.
Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос тодруулсан “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн “Есөн алдартан”-д шагнал гардуулах ёслолыг Нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нээлээ. Тэрбээр “Есөн алдартан”-ы есдүгээрт шалгарсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс эхлэн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Шадар сайд М.Энхболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарт өргөмжлөл, жагсаалтыг магнайлсан Ерөнхий сайд С.Батболдод цул мөнгөн бадамлянхуа суурьтай ногоон хаш эрдэнийн чулуун дээр цалин мөнгөөр урласан барын дүрс бүхий цомыг гардуулав.
“Есөн алдартан”-ы тэргүүн магнайд тухайн жилийн амьтны дүр бүхий цорын ганц хувь цомыг дурсгал болгодог уламжлалтай. Бар жилийн тэргүүн манлай С.Батболдын хувьд 10 удаагийн шалгаруулалтын түүхэнд хоёр дахь удаагаа багтаж байгаа бөгөөд энэ удаад 109 оноогоор “тасарчээ”. Алдартнуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар гадаад, дотоодод ажлын айлчлалаар мордсон тул ёслолын ажиллагаанд биечлэн оролцсонгүй.
Тэднийг эх орондоо ирсэн даруйд “Өнөөдөр” сонины алдартны өргөмжлөлийг гардуулахаа С.Батбаатар эрхлэгч мэдэгдэв. Энэ өдөр хүрэлцэн ирж амжаагүй өөр нэг алдартан нь Х.Цагаанбаатар байлаа. Хэнтий аймагт яваа учраас өргөмжлөлийг нь Монголын жүдо бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Баттулга хүлээн авлаа.
“Есөн алдартан”-ы шалга - руулалтад Монголын нийгмийн санаа бодол хөндлөнгийн нөлөөгүй ил тод тусдаг учраас хамгийн бодит рейтингэд тооцогддог. Хэн, хэдэн саналаар, хэрхэн шалгарав гэдгийг нэрлэсэн тодорхой хүнтэй нь ил нийтэлдэг асуулга манай улсад үүнээс өөр байхгүй учраас өнгөрсөн арван жилийн турш үнэ хүнд, ач холбогдлоо гээлгүй, оноос онд хамгийн чансаатай, шударга сорил хэвээр үлдэж чадсан юм.
“Өнөөдөр” сонин жил бүрийн Цагаан сарын босгон дээр улирч буй оны “Есөн алдартан”-ыг тодруулахын тулд Монголын нийгмийг төлөөлөх 100 эрхмийн дунд санал асуулга явуулсаар арав дахь жилтэйгээ золгож байна. Нэр дэвшүүлэх эрх бүхий 100 эрхмийн жагсаалтыг бид жил бүр шинээр гаргадаг тул “Оны алдартан гэж үзэж байгаа гурван хүнийг нэрлэнэ үү” гэсэн “Өнөөдөр” сонины асуулт туулай жилд Танд ч ирж болно шүү.
“Алдартан”-ыг нэрлэхэд өөрийн тань эрхэлдэг ажил төрөл, мэргэжил мэдлэг, нас хүйс үл хамаарах бөгөөд ажилчин, албан хаагч, малчин, тариаланч, бизнес эрхлэгч, сэтгүүлч, улстөрч, дуучин, бүжигчин гээд нийгмийн салаа мөчир бүрийн төлөөллийг эрэмбэлэн нэрлэсэн гурван нэрээс хамгийн олон давтагдсан байдлаар нь “Есөн алдартан”-ыг дүгнэдэг юм.
Арван удаагийн “Есөн алдартан” тухай бүртээ Монгол Улсын сүүлийн аравны өнгийг өөр өөрсдийнхөөрөө тодорхойлсоор иржээ. Энэ удаагийн шалгаруулалт улс төрийн долоо, спортын хоёр алдартныг тунаасан сонирхолтой харьцаа үүсгэлээ.
Улстөрчид нийгэмд нэрлэгдэх олон чухал үйл явдлын “баатар” байсныг бар жилийн рейтинг харуулав. Урлаг, утга зохиол, эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан зэрэг нийгмийн бусад салбарынхны нэр харьцангуй цөөн байсан нь “Есөн алдартан-2010”-ын нэгэн өвөрмөц шинж боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ, ОРОЛЦОО БАЙЖ ГЭМЭЭНЭ АЖИЛ МААНЬ БҮТЭМЖТЭЙ БАЙХ БОЛНО
-Та Бар жилийн “Есөн алдартан”-ыг нэлээд тасар - хай тэргүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн хоёр жилд эхлүүлсэн ажлууд, мөн цаашид хийх ажилд итгэл, хариуцлага, урам өгсөн шагнал гэж хүлээн авч байна. “Өнөөдөр” сонины “Алдартан”-ы шалгаруулалтад хоёр дахь удаагаа орж байгаадаа баяртай байна. Монголын ард түмэн, “Өнөөдөр” сонины уншигчид Засгийн газрын ажилд ийм өндөр итгэл өгсөн шигээ эрч хүчтэй ажиллах ёстой гэсэн ташуур, урамшуулал зэрэг өгч байгаа гэж бодож байна.
“Өнөөдөр” сонины “Алдартан”-ы шалгаруулалт бол өнгөрсөн оны онцлох үйл явдлуудад хэн ямар үүрэгтэй оролцсон бэ гэдгийг тодруулдаг, нээлттэй зарчмаар шалгаруулдаг нэр хүндтэй шагнал шүү дээ. Энд улстөрч, эдийн засагч, малчин, тариаланч болон ахмад, залуу үеийн төлөөлөл санал өгсөн нь үнэхээр онцлог юм.
-Тэргүүн алдартан болоход таны хийсэн ямар ажлууд гол оноо болсон гэж та бодож байна вэ?
-Бар жилд нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэчлэлийн чанартай томоохон ажлуудын суурийг тавьсан жил байлаа. Энэ бол гарцаагүй Монгол Улсын Засгийн газар, Их хурлаас хийж, хэрэгжүүлсэн чухал ажил.
-Намын шинэчлэл хийсэн нь бас томоохон үзүүлэлт болсон байх?
-90 жилийн түүхтэй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн ирээдүйг нуруундаа үүрч явж ирсэн МАХН XXVI их хурлаараа МАН болж өөрчлөгдөж, шинэчлэлийн үйл явцыг их хурлаараа шийдвэрлэлээ. Монголын хамгийн ууган, хариуцлагатай улс төрийн хүчин шинэ цаг нөхцөл, шинэ зуунд, шинэ зорилтуудад өөрийгөө яаж өөрчилж, уламжлалаа хэрхэн хадгалах үлгэр жишээ үзүүлж, шинэчлэлээ ард түмэн, намын гишүүд, дэмжигчдийнхээ дийлэнх олонхийн дэмжлэгт тулгуурлаж хийсэн нь онцлог.
Улс төрийн томоохон өөрчлөлтийг МАН хийж, зохион байгуулж чадсанаараа Монгол Улсын хөгжил дэвшлийн шинэ сорилтуудад улс төрийн хүчнүүд илүү идэвхтэй, хариуцлагатай оролцох боломжийг бүрдүүлж чадсан. Энэ бол яалт ч үгүй оны онцлох үйл явдал байсан.
-2011 онд Таны хийхээр төлөвлөсөн хамгийн чухал ажил юу байгаа вэ?
-2010 онд суурийг нь тавьсан ажлаа бодит үйл ажиллагаа болгох, үр шимийг нь хүртээхийг зорино. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бодитой нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг багасгах, төрийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог сайжруулах нь хамгийн гол зорилт байх болно. Эдгээр ажлуудыг манай ард иргэд ойлгон хүлээж авч, идэвх санаачилгатай оролцоосой гэж хүсэж байна. Ард түмний хяналт, оролцоо байж гэмээнэ ажил маань бүтэмжтэй байх болно.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.БАТЦЭЦЭГ: ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
-Бар жилийн “Есөн алдартан”-ы нэгээр тодорсонд баяр хүргэе
-Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Шалгарсан хүмүүс дотроос ганц эмэгтэй нь би байсандаа баяртай байна. Чөлөөт бөхөөр хичээллээд таван жил болжээ. 2010 он миний хувьд үнэхээр сайхан жил байлаа. Дэлхийн аварга болчихоод маш их баярлаж байсан. Одоо амжилтаа бататгах чухал.
Цаашид оролцож буй тэмцээн бүртээ амжилт гаргахыг хичээж барилдана. 2007 онд З.Дүвчин багшийн шавь болсон. Багшийнхаа хэлж зааснаар явж, илүү их амжилт гаргахыг хичээж байна даа.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Хоёрдугаар сарын 1-нд АНУ-д болох олон улсын тэмцээнд оролцоно. Бэлтгэл сургуулилалтаа сайн базаасан. Цаашдаа олимпод оролцож, аварга болохын төлөө зорилт тавин хичээллэж байна. Миний өрсөлдөгч бүхэн хүчтэй. Энэ оны ДАШТ-ээс Лондоны олимпод оролцох эрх авахын төлөө барилдана.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР: ТА БҮХНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙГ ХИЧЭЭХ БОЛНО
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар манай “Есөн алдартан”-ы нэгээр шалгарсан боловч олимпийн эрхийн төлөөх цуврал тэмцээнд оролцохоор Францыг зорих өдөр ойртсон, Хэнтий аймгийнхан гавьяатыг маань энэ өдөр урьчихаад хүлээж байсан тул ирж амжаагүй. Шагналыг Монголын жүдо бө - хийн холбооны дасгалжуулагч - дын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Баттулга гардсан юм.
Гэсэн ч тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсан тамирчин маань Хэнтийг зорих замдаа баярын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан. Тэрбээр “Танай сониноос зохион байгуулдаг “Есөн алдартан”-ы нэгээр намайг нэрлэсэн хүмүүст талархал илэрхийлье. Тамирчин хүнд минут бүхэн маш үнэтэй байдаг. Дараагийн олимп хаяанд ирсэн учир эрхийн төлөөх олон уралдаан тэмцээн намайг хүлээж байна. Бас Хэнтийнхний урилгыг хойшлуулах арга байсангүй.
Нутгийнхны хүндлэлийг ойшоохгүй байж болохгүй. Намайг Алдартан хэмээн бодож, найдаж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хичээх болно. Ирж буй цагаагчин төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэв.
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД, АН-ЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ: ИХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДСАН ИВЭЭЛТЭЙ САЙХАН ЖИЛ БАЙЛАА.
-Та улиран одож буй бар жилийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бар жил монголчуудын хувьд хамтарч хийж бүтээхийн төлөө ажилласан, газар доорх баялгаа хөдөлгөөнд оруулж, түүнийхээ үр шимийг хүртэж эхэлсэн онцлогтой жил байв. Хэлэх нь чухал биш, гаргасан шийдвэрүүдээ туулай жилдээ бодит ажил болгох нь чухал. Бар жилд Оюутолгойн байгууламж, Тавантолгойн хөрс хуулалтыг эхлүүлсэн учраас 2011 онд хийж бүтээхийн төлөө маш хичээж ажиллах хэрэгтэй.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тендер зарлагдсан, төмөр замаа тавьж эхэлнэ. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бар жилд их ажлын эхлэл тавигдсан ивээлтэй сайхан жил байлаа. Одоо бид бүтээн босгох ажилдаа анхаарч шуурхайлах ёстой..
-Танд өгсөн гол үнэлгээ бол АН-ыг хамтарсан Засгийн газарт багтааж, өдийг хүртэл тогтвортой ажиллаж ирснийх болов уу гэж бодож байна…
-Бид олон жил тэмцэлдэж, үзэл бодлоо уралдуулж ирлээ. Энэ бол зөв үзэгдэл. Гэхдээ нэг удаа ч гэсэн хамтарч ажиллаад, дутуугаа гүйцээх, улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй гэж АН-ын гишүүдийн олонх үзсэн.
Үр дүн нь хоёр жилийн дараа харагдаж эхэллээ.
-Хамтарсан Засгийн газрыг ард түмний олонх дэмжиж байгаа. Гэвч зарим улстөрчид Засгийн газраас гарахыг шаардаж байна. Бүрэн эрхээ дуусгана гэсэн баталгаа танаас хүсмээр санагдлаа.
-Би урьдчилан харж, дүгнэдэггүй. Гэхдээ бүрэн эрхээ дуусгачих юмсан гэж боддог. Олонхийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үзэл бодол дээрээ хатуу зогсоно.
-Та анх удаа “Өнөөдөр” сонины “Есөн алдартан”-ы нэгээр шалгарлаа. Манай шалгаруулалтын онцлогийг дүгнэж хэлнэ үү?
-Хэн гэдэг хүн ямар хүний төлөө санал өгч байгаа нь ил тод байдаг нь шударга, сонирхолтой юм байна.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД: 2010 ОН АМАРГҮЙ ЖИЛ БАЙЛАА
-Та манай шалгаруу лалтын 10 жилийн түүхэнд 10 дараалан шалгарсанд баяр хүргэе.
-“Есөн алдартан”-ы нэгээр шалгарсандаа их баяртай байна. Би төрийн хариуцлагатай алба хашдаг хүн. Хашсан албандаа, оногдсон үүрэгтээ эзэн байж чадахыг хичээдэг. Үүнийг маань Монголын ард түмэн, “Өнөөдөр”-ийн уншигчид үнэлдэг юм байна.
Танай сонины уншигчид, хамт олон, удирдлагад, энэхүү арга хэмжээг анх санаачилсан хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 2002 онд “Өнөөдөр” сонин энэ арга хэмжээг анх зохион байгуулах үед шинэ жил, Цагаан сараар Оны алдартнуудыг шалгаруулах олон арга хэмжээ болдог байлаа.
Тэр дундаас “Өнөөдөр” сонины Алдартан шалгаруулах арга хэмжээ олны талархалд багтаж үлдэж чаджээ. Арван жилийн өмнө есөн хүн шалгаруулж байсан, одоо ч есийг шалгаруулж байна. Шалгаруулах арга нь ч 10 жилийнтурш өөрч - лөгдсөнгүй. Тэгсэн хэрнээ энэ арга хэмжээ хүмүүсийн анхаарлын төвд байсаар л байна. Энэ бол танай шалгаруулалтын чанар чансаа, нэр хүндийг илэрхийлж байгаа хэрэг.
-Улсын онцгой комиссыг толгойлно гэдэг амаргүй ажил биз?
-Юу шийдэх ёстой вэ гэдгээ зөв тодорхойлж, гаргасан шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх талаар шуурхай, хариуцлагатай хандах хэрэгтэй байдаг. Улсын онцгой комиссын шийдвэр зүгээр нэг даалгавар биш. Заавал хэрэгжиж байж тухайн хүндрэл бэрхшээлийг давах учраас ихээхэн хөдөлмөр, цаг хугацаа, хариуцлага шаарддаг.
Бар жилд Монголд эдийн засаг өсөж, том том хөтөлбөр, төслүүд хэрэгжиж эхэлсэн амжилт байгаа боловч олон арван мянган мал хоргдож, олон мянган айл амьжиргааны эх үүсвэрээсээ салсан амаргүй жил байлаа. Ард түмний нуруун дээр ирсэн энэ ачаанаас үүрэлцэх нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэсэн. Нөгөө талаар бар жилд бизнесийн орчныг шинэчлэх талаар Засгийн газар тодорхой зорилт дэвшүүлсэн.
Миний хувьд эрхэлдэг салбарынхаа хүрээнд хоёр асуудлыг гол болгож ажиллалаа. Нэгд, хүнд суртал үүсгэж, чирэгдэл учруулдаг 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрөл олгох журмыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүллээ. Хоёрт, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулсан. Энэ бүхэн бизнес эрхлэгчдэд их тус болсон байх аа
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Г.МӨНХБАЯР: БИД ИРГЭД РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ АЖИЛЛАСАН
-Манай сонины “Алдартан”-аар анх удаа тодорсон танд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Өмнөх өдөр нь урилгаа авчихаад “Алдартан” болсондоо итгээгүй. Мэдээж баяртай байна. Нийслэлийн хамт олонд томоохон итгэл хүлээлгэлээ гэж ойлгож байна. 2010 онд бид иргэд рүүгээ чиглэсэн бодлого баримталж, иргэдийнхээ амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулахад ахиц гаргахыг хичээж ажилласнаар Уланбаатар хотод бичил цэцэрлэгт хүрээлэн нэлээд хэд бий болсон. Хамгийн гол нь байгаа мөнгөндөө багтаагаад технологийн шинэчлэлүүдийг нэвтрүүлж чадаж байгаа.
Өөрсдийн нөхцөл боломжийг ашиглан Улаанбаатар хотын замыг хорооллуудаар нь иж бүрэн шинэчилж, гэрэлтүүлгийн шинэ технологиудыг нэвтрүүлэх зэргээр иргэдийн амар амгалан, тохь тухтай амьдрах нөхцөлийг улам сайжруулахын тулд багагүй зүйл хийсэн. Өнгөрсөн жил нийслэлийн үерийн бүх далангийн байгууламжийн зургийг хийж дуусгалаа.
Энэ жил засах, шинэчлэх ажлуудыг хийнэ.
-Нийслэлийн өмнө тулгамдсан гол асуудал юу байна вэ. 2011 онд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Нийслэлийн хүн ам орон сууцны тооллогын дүнгээс бидний хийх ажил тодорхой харагдаж байгаа. 2000 онд Улаанбаатар хот 771.000 хүнтэй байсан бол өнөөдөр 1.153.000 хүнтэй болсон байна. Тухайн үед 771.000 хүний 51 хувь нь орон сууцанд, 49 хувь нь гэр хороололд амьдарч байсан. Харин одоо нийт хүн амын 62 хувь нь гэр хороололд амьдарч буй.
Тиймээс гэр хорооллын асуудал бидний тулгамдсан асуудал болоод байна. Энэ жил орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд бүтцийг хийх, бэлтгэл ажлыг хангаж, газар чөлөөлөх ажилд 24 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт суулгасан. 2011 он бол хамтын ажиллагаа, бодит ажлын үр дүн гарах жил байх болно.
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ЭХЭЛСЭН
-Улирч буй бар жилийн хамгийн алдартай гурван эрхмийг нэрлэхийг хүсвэл Та ямар хүмүүсийг онцлох байсан бол?
-Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд М.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарыг нэрлэх байсан даа.
-Улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа “Есөн алдартан”-ы нэгээр шалгарсан нь МАН-ын генсек байлаа. Таны ямар шийдвэр, үйл ажиллагаа 2010 онд Таныг алдаршуулсан гэж бодож байна вэ?
-Энэ алдар надад ирж байгаа мэт боловч нөгөө талаасаа манай намын хамт олны, журмын нөхдийн минь шагнал гэж ойлгож байна. МАХН сүүлийн 20 жил ярьсан боловч хийж чадаагүй намын шинэчлэлийг XXVI их хурлаараа эхлүүллээ. Уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалдаа тодотгол хийлээ. МАН Монгол Улсынхаа ирээдүйн 20 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойллоо. Энэ бүхэн намын гишүүд, дэмжигчдэд таалагдсан, Монголын ард түмний хүсэн хүлээсэн үйл явдал болсныг нэр хүндтэй “Өнөөдөр” сонины санал асуулгын дүн давхар нотолсонд баяртай байна.
Цаашид МАН үйл ажиллагааны, тэр дундаа боловсон хүчний томоохон шинэчлэл хийхэд миний зүгээс бүх хүчээ дайчлан ажиллана. МАН хариуцлагатай, сахилга баттай, шударга улс төрийн хүчин байхын тулд тэмцэх хэрэгтэй юм билээ. Бид тэмцлээ эхэлсэн шүү дээ. Шантаажчин улстөрчдөөс салъя, шударга ёсыг тогтооё. Хүн бүр баян амьдарч чадахгүй ч, монголчууд бүгдээрээ шударга нийгэмд ажиллаж, амьдрах ёстой. Шударга нийгмийн төлөө тэмцэл өөрөө улстөрчдөөс маш их хүчин чармайлт, бас эр зориг ч шаарддаг.
-Та хэн бэ гэдгээ улс төрийн тавцанд харууллаа. Тэгвэл бар жилд Таны хувийн амьдрал сонин сайхнаар хэр элбэг байв?
-Миний амьдрал бусдын адил сайн сайхан л байлаа. Айхтар том өөрчлөлт гарсангүй дээ. Эхнэр маань цэцэрлэгтээ багшлаад л, хүүхдүүдтэй бужигнасан янзаараа. Хоёр охин сургуульдаа яваад л…Удахгүй болох Сар шинийн баярыг тохиолдуулаад Монголынхоо бүх гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. Ядуу зүдүү яваа нэгэндээ сайхан сэтгэл, итгэл зүтгэлээ гээлгүй амьдралын төлөө өөдрөг тэмүүллээр тэмцэхийг хүсье.
Б.Энхцэцэг