Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээж авдаг. Хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амараас ХОМ-ийн явцын талаар тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээд байна вэ?
-Өнгөрсөн сарын 1-нээс бид хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэлсэн. Авлигатай тэмцэх газарт жил бүр 269 албан тушаалтан мэдүүлгээ өгдөг. Бусад 54 мянган албан хаагч нь өөрийн харьяалагдаж буй байгууллагадаа мэдүүлгээ гаргадаг юм. Одоогийн байдлаар манайд 167 хүн мэдүүлгээ ирүүлсэн. Улсын хэмжээнд энэ ажил 82 хувьтай явж байгаа. Өмнөх онд хугацаанд нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хяналт шалгалтын явцад хууль зөрчсөн 84 албан тушаалтанд ажлаас нь халах, сануулах, цалинг нь тодорхой хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авснаа бидэнд мэдэгдсэн.
-Орон нутагт ажиллаж буй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ яаж өгч байгаа вэ?
-Төрийн тусгай болон захиргааны албан тушаалтан, төрийн өмчит хувьцаат компанийн захирал, тө рийн тодорхой чиг үүрэг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг журамтай. Уг журмын дагуу аймгийн ЗДТГ, ИТХ-аар дамжуулан орон нутаг дахь төрийн зарим албан хаагч, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх учиртай.