Засгийн газрын “өргөтгөсөн хуралдаан” өчигдөр Төрийн ордны А танхимд болов. Засгийн газраас энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тиймээс ажил олгогчидтой хамтран ажиллахаар Ажлын хэсэг байгуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд ямар ажил зохиох, дэд болон салбар хороо байгуулж, үйл ажиллагааны журам батлах зэргийг өчигдөр шийдсэн юм. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлт, боловсон хүчин, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч гэсэн сэдвээр ирэх сард хэлэлцүүлэг зохион байгуулах аж.
“Говь” үйлдвэрт сард 300 ажилчин хэрэгтэй гэнэ. Сургаад авна гэсэн зар явуулаад байхад тэднийг зорих хүн олддоггүй гэх юм. Гэхдээ зарыг дүүрэг, баг бүрт хүргэж, олон нийтэд хүртээмжтэй тарааж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй. Тиймээс төр, үйлдвэрлэгч, иргэн гурвын уялдааг хангалттай болгох хэрэгтэй байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, мэдээлэл муу. Уялдааг сайжруулж, зохион байгуулах хэрэгтэй байна хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Мөн тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд зохион байгуулалт дутаж байгааг сануулав.