УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлдөг гишүүн Д.Энхбатыг НН-ынх нь Ёс зүйн хороо хуралдаад хөөчихөж гэнэ. Уг нь тэрбээр Ногоон намын дарга, бас намаа УИХ-д төлөөлдөг цор ганц гишүүн нь юм. Гэтэл намынханд нь Парламентын суудал сонин биш санагджээ. НН-ыг татан буулгаж, Иргэний зориг намтай нэгтгэх шийдвэрийг дур мэдэн гаргасан хэмээн тэрбээр хэсэг гишүүнийхээ өмнө буруудаад байгаа.
Хэдийгээр эчнээгээр намаасаа “хөөгдсөн” ч тэрбээр НН-ын логотой хаа ч цуг явна. Төрийн ордон дахь өрөөнийх нь хаалга, тэр бүү хэл туслахынх нь суудаг өрөөний үүдэнд НН-ын ногоон, цагаан өнгө бүхий хоёр загас зөрөлдсөн дүрстэй лого хадаатай байдаг. Намаасаа “хөөгдсөнийхөө” маргааш буюу пүрэв гаригийн чуулганы хуралдаанд суухдаа эрхэм гишүүн IPAD-ныхаа хавтсыг ч энэ логогоор гоёсон байлаа. Шүүмжлэх тусам НН-д үнэнч гэдгээ харуулахаар шийдсэн бололтой. “Намгүй” ч гэсэн лого түүнд бий юм билээ.