Чуулган бүрийн төгсгөлд УИХ нэгдсэн тайлан гаргадаг юм. Түүнээс гишүүдийн хэн нь ажилдаа хэрхэн хандсаныг ерөнхийдөө мэдэж болдог. Намрын чуулган үргэлжилсэн 120 гаруй хоногийн хугацаанд (үүнээс ажлын өдөр 92 байсан) нэгдсэн чуулган 37 удаа болсон юм байна. Үүнээс арванхоёрдугаар сард 40 цаг 50 минут хуралдсан нь энэ чуулганы “рекорд” болжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн тавьсан асуултаар статистик гаргахад Н.Ганбямба 171 удаагийн үзүүлэлтээр тасархай “түрүүлсэн” бол аман хүзүүнд орсон Ц.Сэдванчиг түүнээс 87 асуултаар хоцорчээ. Н.Ганбямба уг амжилтыг анх удаа тогтоогоогүй шиг санаж байна. 76 гишүүн нийтдээ 1639 удаа асуусны 772-ыг нь Д.Ганхуяг, Р.Раш, Р.Буд, Ж.Сүхбаатар, Э.Бат- Үүл, Я.Батсуурь нарын 11 хүн тавьсан байх жишээтэй. Үг хэлсэн тоогоор Н.Ганбямбын өмнө бас л хэн ч “гишгэсэнгүй”.
УИХын гишүүдээс Засгийн газарт ханддаг ач холбогдол бүхий нэг зүйл бол асуулга. 43 гишүүн 44 асуудлаар асуулга тавьсны 17 нь С.Бямбацогтынх байв. Ирцээр нь гишүүдийн ажил хэрэгч байдлыг ерөнхийд нь дүгнэж болдог. Тэгвэл ажлаа хамгийн олон өдөр хэн тасалсныг харна уу. Н
амрын чуулганы үеэр нэгдсэн хуралдаан 37 өдөр болоход Х.Баттулга 22, Э.Мөнх-Очир 13, Н.Батбаяр 12, Л.Гүндалай найм, Р.Амаржаргал, Д.Арвин, Д.Загджав, Ж.Энхбаяр, О.Чулуунбат нар тус бүр долоон өдөр чуулганы хуралдаанд шалтгаангүйгээр суугаагүй байна. Д.Дэмбэрэл, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Р.Буд, Н.Ганбямба, Д.Дондог, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ц.Сэдванчиг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг ажлаа огт таслаагүй нь төлөө “алдаршуулах” нь зүйд нийцнэ гэж үзлээ.
Г.ЭНХ