Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг УИХ намрын чуулганаараа баталсан. Уг хуульд хотын утааг 2012 он гэхэд 50 хувь бууруулж, 2014 онд цэвэр агаартай болгохоор тусгасан билээ. Засгийн газар агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах тухай төлөвлөгөөгөө жил бүр УИХ-аар батлуулах аж. Ингээд жилийн төгсгөлд тайлангаа тавина. Биелүүлээгүй бол шууд л ажлаа хүлээлгэн өгөхөөр хуульд заажээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнах үеэр үүнийг онцолсон юм.
Тус Байнгын хорооноос батлуулсан гол хуулиудын нэг нь энэ. 2014 он гэхэд агаарын бохирдолгүй болохын тулд стандартын шаардлага хангасан гэр, байшинд амьдарч, хийн болон коксжуулсан түлш хэрэглэж, сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа айл өрхийг урамшуулах гэх мэт тодорхой хөшүүрэг хэрэглэх юм байна. Эдгээр шаардлагыг хангасан өрхүүдэд 18.00- 09.00 цагийн хооронд цахилгааны шөнийн тарифыг хоёр дахин хөнгөлнө.
Мөн орон нутаг, захын дүүргийг хөгжүүлэх замаар нийслэлийн төвлөрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын төвийг хордуулж буй гол хэсэг болох III хорооллын арын өрхүүд, 100 айл, Дэнжийн 1000 орчмыг хязгаарлалтын бүс болгох гэх мэт арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тус Байнгын хорооны гишүүн Г.Баярсайхан “Уг хуульд тусгасан нэг гол зүйл нь хариуцлага.
Тухайн албан тушаалтан ажлаа хангалтгүй хийвэл шууд хална. Мөн утаа бага гаргах технологи оруулж ирвэл гааль, НӨАТ-аас хөнгөлөхөөр тусгасан” гэлээ. Энэхүү хуулийг “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх юм байна. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах тухай тооцоог ирэх сарын 15-нд танилцуулахыг холбогдох байгууллагуудад даалгах гэнэ.
Бэлчээрийн болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийн төслийг дараагийн чуулганд шилжүүлжээ. “Урт нэртэй” хуулийг УИХ 2008 онд баталсан ч хэрэгжүүлж дийлэхгүй байгаа. Хэрэгжиж амжаагүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэсэг гишүүн өргөн барьсан. Энэ төслийг Байнгын хороо түр хойшлуулжээ.
С.УУЛ