Ногоон нам “насанд хүрчээ”. 90 жилийн түүхтэй МАН, байгуулагдсанаасаа хойш шахам төр түшилцэж яваа АН нарын “ахтайгаа” адилхан дотроо талцаж, хэрэлдэж сурч байгаа нь үүнийг батална. Өнгөрсөн бямба гаригт НН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэж буй хэсэг гишүүн нь ээлжит бус онц их хурлаа зохион байгуулав. Өөрийгөө НН-ын Ёс зүйн хорооны дарга хэмээн дэвшүүлсэн М.Чинзориг хэсэг хүнтэй хуралдаад дарга Д.Энхбатыг хөөсөн гэж буй.
Үүнийг их хурлаараа баталгаажуулсан аж. Мөн тус намын дарга асан Д.Басандоржийг Д.Энхбатын оронд “томилсон” гэнэ. НН гадаад, дотоод асуудал хариуцсан хоёр даргатай. О.БумЯлагч бас нэг даргынх нь албыг авсан юм байна. Албан ёсоор бол энэ хоёр хүн НН-ын Бага хурлын гишүүн. Тэгвэл дээрх хурлаар тэд намынхаа дарга болжээ.
Тэднийг дэмжиж дээрх хуралд ирсэн гишүүд нь хуучин дарга Д.Басандоржоо хангалтгүй ажиллаж байсныг сануулаад “Дахин ийм алдаа бүү гаргаарай” хэмээн захисан байна. Өнөөдөр тэд Хэвлэлийн хүрээлэнд энэ талаараа мэдээлэл хийнэ.
Бага хурлын хоёр гишүүн их хурлаа зарлаж, даргаа огцруулан, өөрсдийгөө оронд нь томилсноор НН албан ёсны ба албан бус дөрвөн ч даргатай болоотохлоо. Энэ үйл явдлын талаар НН-ын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригтын байр суурийг сонирхлоо. Тэрбээр “Хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой учраас бид санаа зовохгүй, тайван байгаа. Тэд үнэндээ намаа аврах биш, дарга болохыг хүссэн нь үүгээр харагдлаа.
Манай намын их хурал гуравдугаар сард болно. Түүнийг Бага хурлаас товлоно. Бага хурал хуралдаагүй учир их хурал болоогүй. Тэднийг намаас хасах асуудлыг их хурлаар ярих болно. Хуулийн дагуу хоёр нам нэгдэх болбол нэг нь татан буугддаг. Үүнд л манай зарим гишүүн эмзэглээд байгаа юм. Долоо хоногийн өмнөөс бид энэ асуудлаар хэлэлцүүлэг эхлүүлсэн.
Гишүүддээ үүнийгээ тайлбарлаж байгаа. Бодит баримтуудыг цуглуулаад гишүүддээ тараана. Бүр болохгүй бол шүүхэд хандаж, хэн нь зөв буруу яриад буйг тогтоолгоно” гэлээ.
С.Уул