Засгийн газар хариуцлагатай уул уурхай, түүний дотор ногоон уурхайг хөгжүүлэх зорилт тавьж байна. Эдийн засгийн үр ашгийг монгол хүндээ хүртээх, түүнчлэн улсынхаа эрх ашгийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байна хэмээн Австралид болсон Монгол-Австралийн бизнес форумын нээлтэд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Тэрбээр “Монгол, Австрали хоёр эдийн засгийн бүтцийн хувьд төстэй зүйл ихтэй. Австрали улс уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчны нөхөн сэргээлтэд хэрхэн анхаардгийг өчигдөр “Mount owen” нүүрсний уурхайтай танилцахдаа үзлээ.
Бидний хувьд зөвхөн уул уурхай төдийгүй бүх салбарт, тухайлбал, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж их байна. Энэ дундаа боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын зорилтод хоёр улс харилцан хамтран ажиллах шаардлагатай байна“ хэмээсэн юм. Австралийн тал энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтаас харагдаж байлаа.
Бизнес форумд Австралийн талаас 110 орчим компанийн төлөөлөл ирсний 80 гаруй нь төсөл болон уул уурхайн салбарынхан байв. Тэдгээрийн 30 орчим нь манай улсын компаниудтай идэвхтэй хамтран ажилладаг юм байна. Австралийн компаниуд үйл ажиллагааны танилцуулга хийх үеэр Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Лейтон Холдингс” компани орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарч, туслалцаа үзүүлдэг талаараа танилцуулж байлаа.
Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөрөнгө оруулагчид оролцож, олон асуудал хөндсөн бизнес форум боллоо. Форумын явцад Австралийн тал манай улсыг итгэлт түншээ гэж үзлээ. Ардчилал тууштай хөгжсөн, хямралыг амжилттай давж, хөрөнгө оруулалтын хувьд таатай эрх зүйн орчин бүрдсэн учир хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нь мэдэгдэж байна. Түүнчлэн Австралийн тал уул уурхайн салбарт хамгийн дэвшилт технологийг Монголд оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Тэд нэг талаас манай улсыг бизнесийн түншээ гэж үзэж байгаа ч нөгөө талаас өрсөлдөгчөө хэмээн харж байгаа нь уулзалтын явцад харагдаж байлаа.
Форумын үеэр дэлхийд нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн агентлаг болох “Блүүмберг”- ийн сэтгүүлчийн “Том төслүүдийнхээ IPO-г хэзээ яаж хийх вэ, хэдийд зарлах вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд С.Батболд “Энэ онд багтаах бодолтой байна. Одоо дэлхийн тэргүүний 55 байгууллагын саналыг судалж байна. Шалгаруулсны дараа ажил эхлэнэ. Монголын Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани бэлтгэл ажлаа амжилттай явуулж байна” хэмээн хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.