Ногоон нам хоёр хуваагдчихлаа. МАХН ба МАН-ыг тойрсон ихэрлэх синдром тус намд яг давтагдаж байна. Нэг хэсэг нь тус намыг улс төрийн ертөнцөд тамгалж өгсөн Д.Энхбат тэргүүтэй албан ёсны удирдлагатайгаа ИЗН-д нэгдэж буй бол нөгөө нь Д.Басандорж тэргүүтэй Бага хурлын гиш үүнтэй хамт бууриа сахихаар болов. НН гадаад, дотоод асуудал хариуцсан хоёр даргатай. Д.Энхбат дотоод, Э.Зоригт гадаад асуудал хариуцсан дарга нь.
Тэгвэл байгаль орчны өөрчл өлт дэлхийн анхаарлын төвд орж, орон зай нь эрэлттэй байгаа Ногоон намыг дангаар авч үлдэх ёстой гэж үзэгсэд өнгөрсөн бямба гаригт “тусгаар тогтнолоо” зарлалаа. Ногоон намыг аврах хөдөлгөөн өрнүүлсэн Бага хурлын гишүүн Д.Басандорж дотоод, О.Бум-Ялагч гадаад асуудал хариуцсан дарга болжээ. “Хэдийгээр олон жил энэ намыг унтаа байлгасан ч устгачихааг үй юмдаг” гээд Д.Басандоржийг дэмжигчид дахин итгэл хүлээлгэсэн аж.
Өчигдөр тэд энэ тухайгаа мэдээллээ. Олон юм ярьж, мөрөөрөө байсан намыг нь “устгахыг” завдсан Д.Энхбат, Э.Зоригт нарыг хөөсөн Ёс зүйн хорооны шийдвэрийг баталгаажуулж, Бага хурлын гишүүдээ ч шинээр сонгожээ. Мөн ИЗН-тай нэгдэх Санамж бичгийг хүчингүйд тооцсон байна. Гэхдээ одоохондоо тэдэнд намын тугнаас өөр юм байхгүй. Тамга, тэмдэг, байр, бүгд Д.Энхбатын “цэргүүдэд” бий. Нөгөө талд албан ёсны удирдлагууд нь тэдний энэ үйлдлийг “Хууль бус” хэмээн тайлбарлаж сууна. НН 3200 гишүүнтэй. Жирийн гишүүд нь одоо хэн нь жинхэнэ дарга болохыг ч ялгахаа байв.
“Тэд намаа аврах биш албан тушаалаа эргүүлж авахыг л хүссэн”
Ногоон намыг аврах хөдөлгөөн зохион байгуулж, эцэст нь өөрсдөө дарга болсон энэ түүх Ц.Шинэбаяр, Н.Энхбаяр нарын МАХН-ыг “аварсан” түүхтэй ижил байгаа биз. Ялгаатай нь НН-ын удирдлага Д.Басандорж, О.БумЯлагч нарын эсрэг кампанит ажил өрнүүлээгүй байна. Гэхдээ “Тэдний бүх мэдээлэл, мэдэгдэл худал. Хууль бус” гэсэн тайлбар хийсэн. Бямба гаригт болсон Онц их хурлын талаар НН-ын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт “Тэд намаа аварна гээд байсан. Дарга болохыг л хүссэн юм байна” гэлээ. ИЗН-тай нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Д.Энхбат ч эсэргүүцэгчдийн талаар “Ашиг сонирхол нь зөрчигдөхөөр ингэж байгаа юм” гэсэн тайлбар өгч байв. Тэд үнэхээр намаа аврахыг хүссэн үү, албан тушаал горилсон уу гэдэг нь удахгүй харагдана.
Хэн нь үнэн яриад байна вэ
Ногоон намын хуучин дарга тэргүүтнүүд болохоор М.Чинзоригийг 2009 оны аравдугаар сард Ёс зүйн хорооны дарга болсон гэдэг. Тиймээс ч тэрбээр Д.Энхбатыг дур мэдэн нам устгах шийдвэр гаргасан учраас хөөсөн тухайгаа мэдэгдсэн. Үүнийг нь их хурал баталгаажуулсан. Нөгөө тал нь “2007 оны арваннэгдүгээр сард болсон их хурлаар Ёс зүйн хорооны даргаар Н.Энхтайваныг сонгосон, М.Чинзориг бол ердөө л тус хорооны гишүүн. Дарга биш” хэмээн тайлбарласан. Хуурамч албан бичиг үйлдэж, Эрүүгийн хууль зөрчсөн учир түүнийг НН-ынхан шүүхэд өгчихөөд буй.
“Үүрээ сахигчид”-ын талаас Ёс зүйн хороо нь хоёр удаа Д.Энхбатыг хөөсөн тухай албан бичиг гаргасан гэнэ. Эхнийх дээр нь зөвхөн Ч.Чинзориг гарын үсэг зурсан байжээ. Үүнийг нөгөө тал нь “хууль бус” гээд байгаа. Гэтэл хоёр дахь албан бичигт Ёс зүйн хорооны одоогийн дарга Н.Энхтайван гарын үсэг зурчихсан аж. Түүнд гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригтыг хөөх тухай бичиг хэмээн тайлбарласан гэнэ. Өнөөх нь ч уншиж үзэлгүй мутрын үсгээ үлдээчихсэн юм байх. Гэтэл тэр нь Д.Энхбатыг хөөх тухай бичиг байж л дээ. “Алдаа” хийснээ мань эр мэдээд буруугаа хүлээсэн гэж байгаа.
Энэ талаар гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт “Н.Энхтайван энэ тухайгаа бидэнд хэлсэн. Тэр гаднын хөрөнгө оруулалттай төсөл дээр ажиллаж байгаа. Ийм тохиолдолд улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглодог. Тэгэхээр Н.Энхтайваны гарын үсэг зурсан бичиг хүчингүй” гэлээ. Их хурлыг Бага хурлаас зарладаг дүрэмтэй аж. Бага хурал хуралдаагүй. Гишүүдийнх нь хоёр нь л НН-ыг ИЗНтай нэгдэхийг эсэргүүцсэн. Эсрэг байр суурьтай хоёр гишүүн Онц их хурал зарласан нь хууль бус аж. Юутай ч хэн нь үнэн яриад байгааг болохгүй бол шүүхээр тогтоолгуулна хэмээн Э.Зоригт дарга нь хэлнэ лээ. Тэд нөгөө талынхны худал хуурмагийн талаар баримт цуглуулж буй гэнэ. Шүүхэд хандах гэж бэлтгэж буй юм биз. Ийнхүү Ногоон нам ихэрлэж, гишүүд нь төөрөлдөв. Үйл явц цаашид хэрхэн өрнөх нь соньхон.
С.ТУУЛ