-Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганы эхээр батлахын төлөө байгаагаа АН мэдэгдлээ. Хэрвээ баталж чадахгүй бол бойкот ч хийхийг үгүйсгээгүй. МАН-ын бүлэг энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хаврын чуулганы эхээр батлахын төлөө байна. Хамгийн гол нь алдаа оноогүй хууль гаргах ёстой. Цоорхойтой хууль гаргахгүйн тулд зүйл бүрээр нь нягталж магадлаад Ажлын хэсэг төслөө оруулж ирэх байх. Би Ажлын хэсгийн гишүүн биш ч гэсэн бүлгийн даргын хувьд хурдан батлуулахын төлөө ажиллана.
-50:26 гэсэн холимог хувилбарыг эцсийн тохироо гэж ойлгох уу?
-Чуулганы завсарлагаар гишүүд сонгогчидтойгоо уулзаж сонгуулийн тогтолцооны талаар санал бодлыг нь сонсоно. Сонгогчдын саналыг гээдэггүй, нутаг дэвсгэрийн төлөөлөл хангагдсан боловсронгуй тогтолцооны төлөө байна. 50:26 гэх зэргээр тоог гол зүйл гэж үзэхгүй. Тухайн үед нь хэлэлцээд эцсийн шийдвэр гаргана. 50:26 бол санал болгосон хувилбар.
-50:26 эцсийн хувилбар биш ч гэсэн пропорционалийн элемент оруулсан тогтолцоогоор сонгуулиа явуулах байх гэж найдаж байна. Тэгсэн тохиолдолд нам, нэр дэвшигчийн алинд нь санал өгөх вэ. АН намын төлөө, танайх нэр дэвшигчийн төлөө өгнө гээд байгаа.
-Энэ бол бага зэргийн маргаан. Хаалгаар хөөгөөд гаргасан чинь тооноор ороод ирлээ гэдэг шиг АН-ынхан 26 тойрогт дэвшүүлсэн хүнээ нэрсийн жагсаалтад давхар оруулна гээд байгаа. Энэ мэтийн маргаанаа жичдээ ярилцаад шийдчих байх. Үл ойлголцох асуудал бараг байхгүй дээ. Сонгуулийн хариуцлага, санхүүжилт, тогтолцооны асуудал болон бусад намаас санал авах зэрэг ярилцаж шийдэх цөөн зүйл үлдсэн. Нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлах нь Үндсэн хуулийн шууд сонгох зарчимтай нийцэж байгаа юм.
-Нам, нэр дэвшигчийн алиных нь өмнөх дугаарыг дугуйлах вэ гэдгээс болж маргаан, гацаа үүсэж мэдэхээр байна?
-Тухайн үедээ ярилцаад ойлголцолд хүрэх байх. Нэр дэвшигчээр дамжуулж нам сонгох хуучин уламжлалаа хадгалах нь зөв. “Шууд” гэдэг зарчимдаа ч нийцнэ.
-Нэр дэвшигчийн төлөө санал өгнө гэхээр улс нэг тойрог бүхий мажоритар болчихгүй юү?
-Шууд намыг сонгох нь пропорциональ гэсэн өрөөсгөл ойлголт байж таарахгүй. Нэр дэвшигчээ сонгоод дүнг гаргахдаа пропорционалийн хэлбэрийг ашиглахын төлөө байна. Ингэхээр сонгогчийн санал гээгдэхгүй.
-Шууд зарчим гэж сонгогч саналаа шууд өгөхийг л хэлдэг байх. Танай намын бүлэг болохоор нэр дэвшигчийг сонгохыг шууд зарчим гэнэ гэх. Нэг мөр ойлголт хэрэгтэй биш үү?
-Онолын хувьд шууд сонгууль гэж сонгогч саналаа шууд өгөхийг хэлдэг. “Шууд” гэх зарчмыг хүн сонгоно гэж ойлгож АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг баталсан. Монголын онцлог ийм юм. Энэ маргааныг Үндсэн хуулийн цэц л хагална.
-Мажоритар тогтолцоо хэрэггүй юм байна гэдэг нь хангалттай нотлогдлоо шүү дээ?
-Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь маргаангүй. Нам, хүнд санал өгөх эсэхээ хоёр талаасаа ярилцаад шийдчихнэ гэж найдаж байгаа. Энэ УИХ-аас олон түмний хүлээж байгаа нэг асуудал нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх гэдэгтэй санал нэг байна. Энэ нь УИХ-ын түүхэн үүрэг байх болно.
-Мажоритар тогтолцоог авч үлдэхийн төлөө зүтгэж буй гишүүн МАН-ын бүлэгт цөөнгүй байгаа бололтой?
-МАН гэлтгүй аль ч намын бүлэгт тийм сонирхолтой гишүүд байгаа.
-Хариуцлагын талаар тодорхой ямар зүйл заалт оруулах гэж байна вэ?
-Тойрог, хэсгийн хороонд ажилласан төрийн албан хаагч сонгуулийн будлиан, луйвар хийвэл төрийн албанд ажиллах эрхгүйгээр халах, захиргааны болон эрүүгийн хуулийн шийтгэл хүлээлгэх зэргээр хариуцлагыг чангаруулж байгаа.
-Мөнгөний хүчээр сонгогдох боломжийг хааж чадах нь уу?
-Хаахыг чадлаараа л оролдож байна. Сонгогчдоос санал худалдаж авах оролдлого гаргах юм бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасах заалт оруулж байгаа. Түүнийг харин яаж хянахыг зохицуулах ёстой. Санал худалдаж авах үйл ажиллагаа явуулбал намын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авах заалтыг намын дүрэмд оруулж өгсөн.