Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдрөөс олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны гүнзгий агуулгатай яриа хэлэлцээрүүд явагдаж байна. Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд Австралийн Төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинстэй уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудал яригдсаны дотор визийг хөнгөвчлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөндлөө. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд тус улсад хийж байгаа айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Сиднейд болсон Монгол Австралийн бизнес форум ажил хэрэгч уур амьсгалд болсныг, Австралийн хөрөнгө оруулагчид уулзалтад өргөнөөр оролцож, Монгол Улсыг ихээхэн сонирхож байгаа нь харагдлаа гэдгийг дурдаад, энэ нь харилцан сонирхол өндөр байгааг илтгэж буй хэрэг юм гэлээ. Түүнчлэн хоёр орны хоорондох боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Австралийн үндэсний их сургуулиар зочилж, тэнд монгол хэл сурч байгаа Австрали оюутнуудыг хараад сайхан сэтгэгдэл төрснөө эрхэм спикерт сонирхуулав. Хоёр улсын харилцааг улам идэвхжүүлэхэд бизнесийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, тиймээс Австралийн томоохон хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд дэмжинэ гэдгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Уулзалтын үер Ерөнхий сайд С.Батболд тус улсад сурч байгаа оюутнуудын тоог нэмэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон бизнес, хөрөнгө оруулалт өргөжиж буй энэ үед виз олгох журмаа хөнгөвчлөхийг санал болгосон юм.
Өнөөдөр Австрали улсаас монголчуудад олгож байгаа виз нь хүнд нөхцөлийн ангилалд ордог ажээ. Тиймээс визийн энэ ангиллыг өөрчлөх нь Монгол иргэдийн хувьд нэн чухал асуудал гэж Ерөнхий сайд ноён спикерт хандан онцлон хэлж байлаа. Мөн Австрали улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээхийн чухлыг ч тэрбээр мөн онцлоод, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Кьюстэн, Виктория мужид байгалийн гамшиг буюу үерээс болж олон хүний амь нас эрсдсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс харамсал илэрхийллээ.
Харин Австралийн эрхэм спикер Харри Женкинсийн хувьд Ази номхон далайн орнуудын их хурал Улаанбаатар хотноо зохиогдох үед өөрийн орны төлөөлөгчдөө ахалж явснаа сонирхуулаад, тус хурлыг маш сайн зохион байгуулсныг, бас Монголын талаар их сайхан сэтгэгдэл төрснөө тэмдэглэж байсан. Хэцүү цаг үед бие биенээ дэмжиж байгаа нь нийтлэг үнэт зүйлстэй байгааг харуулж байгаа хэрэг хэмээлээ. Монгол Улсаас ч бас суралцах зүйл их байна, тухайлбал улс орны чухал асуудлыг шийдэхэд нөлөөлөх Хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагыг бид ч бас судалж байгаа.
Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт соёл, зан заншил, амьдралын хэв маягаа XXI зуунд ч хадгалж ирсэн нь Монголын ард түмний гайхамшиг хэмээн тодорхойллоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж тавьсан визний асуудлыг шийдэх боломжтой, анхаарч ажиллах болно гэдгээ амаллаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалд гүнзгий ач холбогдол өгч байгаагаа, энэхүү айлчлал хоёр улсын түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Австралийн Гадаад хэргийн сайд К.Радд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд халуун дотноор хүлээн авч айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа Австралийн ард түмэнд талархал илэрхийлээд тус улсын спикертэй уулзах үеэрээ хөндөж байсан хамтын ажиллагааны чухал асуудлуудад тухайлбал, виз олгох журам нөхцөлийг хөнгөвчлөх, Австралийн ЭСЯ-г Улаанбаатарт нээх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, Австралид суралцагчдын тоог нэмэгдүүлэх, түүний дотор инженер технологийн нарийн мэргэжлээр иргэдээ сургах зэрэг асуудалд Гадаад хэргийн сайдын анхаарлыг хандууллаа.
Мөн түүнчлэн Монгол Улс нь Ардчиллыг сонгож авсан орон, хөрш зэргэлдээх Киргиз, Казахстан улсад ардчиллыг амжилттай хөгжүүлсэн загвар улс болдог хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ жил манай улс олон улсын тавцанд ардчиллын онолын нийгэмлэгийн салбар хуралдааныг даргалах болсноо ч дуулгасан юм. Ноён сайд К.Радд Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа тус улсад айлчлан ирсэнд баяр хүргээд, энэ айлчлалын үеэр Австраличууд Монголын тухай мэдлэгээ нэмснийг сонирхуулав.
Ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй баялаг түүхтэй орон бол Монгол юм, бас хоёр орны хооронд төстэй зүйл их байгаа гэдгийг дурдаад, хоёр орны хооронд худалдаа бизнесийн орчинг улам хөгжүүлэхийн ач холбогдлыг дүгнэлээ. Мөн Улаанбаатарт энэ ондоо багтаагаад Австралийн ЭСЯ-г нээх, худалдааны төлөөлөгчийн газар ажлуулах асуудлыг шийдэх болно гэдгээ хэллээ.
Мөн түүнчлэн Австралид сургууль төгссөн монгол оюутнууд эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа гэж сонсоод их таатай байна гэдгийг онцлоод, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх Монголоос суралцагчдын тоог нэмэх тал дээр дэмжинэ гэдгээ амаллаа. Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу виз хөнгөвчлөх асуудлыг ч мөн судалж үзэхээ илэрхийлэв.
Хоёр талын төдийгүй, олон талт хамтын ажиллагааны түвшинд Монгол Улсыг дэмжих бололцоотойг ч ноён Радд дурдлаа. Тэрээр энэ ондоо багтаад, ирэх есдүгээр сарын үед Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав.
Дурсгалын мод суулгалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Канберра хотын цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод суулгалаа. 250 гектор талбай бүхий энэ талбайд ойн түймэр гарснаас нүцгэн болжээ. Уг талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор Австралийн Засгийн газраас санаачлан орон болгоны Ерөнхий сайдаар өөрсдийнх нь улсын мод суулгуулдаг уламжлалтай болсон байна. 2009 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд мод суулгасан бол, энэ удаа тус улсад анхны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайд ийнхүү Монголын гэсэн тодотголтой Сибирийн хайлаас гэх нэртэй модыг Канберра хотод суулгалаа.
Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ
Австралийн Үндэсний их сургуульд сурч байгаа гадаадын оюутнууд монгол хэл судлалыг ихээхэн сонирхон суралцах болсныг тус сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхий сайдад дуулгалаа. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний их сургуульд зочилж, тэндхийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж эх орноо сурталчиллаа. Тус сургуульд сурч байгаа гадаад оюутнууд монгол хэл хэрхэн сурч байгаагаа Монголын төлөөлөгчдөд “шалгуулан”, багагүй авьяас шаардах “Багын зан” дуу дуулж сонирхуулсан нь Засгийн газрын тэргүүний хувьд гэнэтийн бэлэг болов.
Ногоон тивийн цэнхэр нүдтэй залуус монгол хэлээр ярьж, дуу аялах нь үнэхээр содон харагдаж байлаа. Энд Австралийн 15 оюутан монгол хэл сурч байгаа юм байна. Тэд АНУ-ын Индианагийн их сургуулийн монгол судлалын танхимтай хамтран ажилладаг юм байна. Ерөнхий сайдыг зочлох энэ үеэр хоёр сургуулийн монгол хэлний танхимынхан зайны сургалтаар шууд холбогдож, монгол хэл хэрхэн сурч байгаагаа оюутнууд сонирхууллаа.
Монгол хэлийг чамгүй сайн эзэмшиж буй тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд талархал илэрхийлээд, улам сайн сурахыг ерөөв. Энэ сургуульд монгол хэл сурах оюутны тоо нэмэгдэж байгаа ажээ. Мөн монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа хэсэг эрдэмтэд ч Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа.
Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам хамааралтай болж даяарчлагдаж байгаа энэ үед гадаадын оюутнууд, тэр дундаа Австралийн иргэд монгол хэлийг сонирхон сурч байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа төдийгүй хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Австралийн үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Авсрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр болно.