Австрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллардтай нь ганцаарчилсан уулзалт хийлээ. Монгол Улсын Засгийн газар эрдсийн нөөц баялаг дээрээ тулгуурлан үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын далайцыг нэмэгд үүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг илүүтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд улмаар бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, харилцан хамааралд идэвхтэй, үр ашигтай оролцогч байх сонирхолтой байгааг С.Батболд илэрхийлээд, Австралид монгол залуучуудыг олноор сургах, Австралийн хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого баримталж буйгаа тэмдэглэв.
Тэрбээр Ерөнхий сайд Жулиа Гиллардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Хатагтай Жулиа Гиллард Австрали улс өөрийн худалдааны байнгын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээхээр болсныг мэдэгдэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлт болгосон виз олгох нөхцлийг эргэн харж судлахаа амлалаа. Монгол, Австралийн Ерөнхий сайд нар дараа нь өргөтг өсөн хэлэлцээ хийв.
Хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарын харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар хөндлөө. Хоёр орны ижил төстэй нөхцөлийг ашиглаад хамтран ажиллах боломж байгааг талууд тэмдэглэв. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох гэж байгаа эрмэлзлийг үндэслэн Австралид суралцах оюутны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр хэлэлцээний үеэр тохиролцлоо.
Мөн Австралийн технологи, арга барилыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтойг ч хоёр тал тэмдэглэлээ. Австралийн зүгээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулах үүднээс нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зорилго бүхий Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Улаанбаатарт байгуулах, мөн Австралид инженерийн чиглэлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас улс орноо хөгжүүлэхдээ уул уурхайг түшиглэн түүхий эдээс хамааралгүйгээр бусад олон салбараа бие даан хөгжүүлэх бодлого баримталж байгааг Австралийн тал өндөр үнэлж, Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Хэлэлцээний үр дүнд Монгол, Австралийн хамтарсан мэдэгдэл гаргахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт холбогдох яамдын сайд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.