Эдийн засгийн форумыг Засгийн газар ирэх сарын 2-4-нд зохион байгуулахаар бэлтгэж буй. Салбар бүрээ хариуцан бэлтгэсэн Ажлын хэсгийнхэн нь өчигдөр явцаа танилцуулав. Форум 15 салбар хуралдаантай болох аж. Хүний хөгжил, гадаадад байгаа иргэдээ хэрхэн татах, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэтээр эдийн засгийн хөгжилд тулгамдаад буй асуудлыг ярилцах юм байна. Улмаар дараагийн форум хүртэлх жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргах гэнэ. Форумын гурав дахь өдөр хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох нь.
Энэхүү форумд 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд ч түлхүү анхаарчээ. Оролцогчдын 270 орчим нь төрийн, 200 нь хувийн хэвшлийг төлөөлөх бол 80 орчим нь гадна, дотны сэтгүүлч, үлдсэн нь спонсор байхаар төлөвлөсөн аж. Уг арга хэмжээг Давосын эдийн засгийн форумын жишиг, стандартаар зохион байгуулахаар хичээжээ. Тиймээс салбар хуралдаан бүрийг сэтгүүлч хөтөлнө.
Нэгдсэн хуралдааныг Монголын талаас нэг сэтгүүлч CNN-ын сэтгүүлчийн хамтаар хөтлөх юм байна. Форумыг зохион байгуулах үйл ажиллагааны зардлаас гадна үүнээс гаргах төсөл, санаачилгыг хэрэгжүүлэхэд зориулан дотоодын 15 компанийн дэмжлэгээр 500 сая төгрөгийн төсөв босгожээ. Засгийн газраас 100 сая төгрөгийн хандив өгсөн гэнэ.
Эдийн засгийн гол асуудалд хариулт өгч, сэтгэлгээнд хувьсал хийсэн арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид нь найдаж буйаж. Өмнөх чуулганаар өрсөлдөх чадвар, ногоон эдийн засаг, төсвийн шинэчлэл зэрэг зургаан сэдвээр ярилцаж төлөвлөгөө гаргасан. Үүний хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталж, хүн амын шинэчилсэн бүртгэл хийсэн гэх мэтээр тодорхой үр дүн гарсан байна. Энэ тухай тайлангаа оролцогчдод танилцуулах гэнэ.
С.УУЛ