УИХ-ын 76 гишүүнд Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт яриад байсан өнөөх сүрхий дэвшилт технологи болох IPAD-ыг олгожээ. Чуулганы танхимд түүнийгээ ашиглах, сонжих гишүүдийн тоо намрын чуулганы төгсгөлийн өдөр илт нэмэгдсэн байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард “Apple” компани дэлхийн зах зээл дээр IPAD хэмээх хавтас шиг авсаархан технологио нэвтрүүлсэн. Тэр даруй Сангийн сайд С.Баярцогт, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нар үүнийг авчихсан, цаг үеэсээ хоцордоггүй гэдгээ харуулж суув шүү дээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоног хүртэл зарим гишүүн IPAD-ыг холоос харснаас хэтрээгүй шахам байсан гэхэд хилсдэхгүй биз. Одоо бол тэд “соёлыг гайхах” эрхтэй, бүр барьж үзэж байна. УИХ-ын Тамгын газраас энэ оны улсын төсөвт “Гишүүдийн техник, технологийг сайжруулах” нэрийн дор IPAD авч өгөхөөр хөрөнгийг нь суулгуулжээ. Тамгын газрын багцын хөрөнгө дотор “орсон” эд л дээ. Төсвийн зардлыг хэмнэх нэрийн дор гаргасан гишүүдийн санаачилга байсан юм билээ.
Хаврын чуулган эхлэхээс өмнө 76 гишүүнээ технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, замбарааг үй хэрэглээнд цаас болон урсах ой модоо хамгаалахаар Тамгын газрын дарга Ц.Шаравдорж ч зүтгэв. XXI зууныг мэдээллийн, цахим үе гэж ярьдаг ч УИХ-ын хувьд тэр нь лоозон төдий байгаа юм. 2004- 2008 оны Парламентаас л гишүүдийг цахимжуулж, цаасанд зарцуулах сая сая төгрөгийг хэмнэж, төсвийн зарлагыг бууруулах тухай ярьсан. Хавтсан комьпютер ч тараалаа.
Хоёр дахь Парламентын бүрэн эрх дуусах дөхөж байгаа, цахим аян өрнөөд 6-7 жил болов. Тамгын газар тонн тонноор цаас авч, төсөл, хуулиа хэвлэн тараасаар л байна. Гишүүдийн хэрэглээнд жилд 65 сая төгрөгийн цаас зарцуулдаг аж. Хоёр машин цаас болдог гэнэ. УИХ-ын гишүүд нь цахимжиж өгдөггүй. Нөгөө хэд нь түүнийгээ туслахдаа эсвэл өөр хэн нэгэнд өгчихсөн. Ядаж туслахууд нь “цахимжиж” байгаа юм биз дээ. Үнэндээ улсын хөрөнгө үргүй урсаж орхисон. Гэвч Тамгын газар хаширсангүй, хавтсан компьютерийн хэргийг гаргаж чадаагүй атлаа дахиад л IPAD олгов. Нэг IPAD-ыг гааль, НӨАТ, тээврийн зардлыг оруулаад 1000 доллараар тооцсон гэнэ.
76 гишүүн бүрт өгсөн гэхээр 76.000 доллар болж байна. Манай улс энэ их мөнгийг салхинд хийсгэчихээд тоохгүй байхаар баяжчихаагүй. Тиймээс үүнийг үр дүнгүй болгох эрхгүй. Ингээд эрхэм гишүүд нэг нэг жижигхэн “шидэт” хавтастай болоод авч. Тэд түүнийг жинхэнэ утгаар нь хэрэглэж, цаасгүй технологид нэвтрэн, төсвийн зарлагыг хэмнэж чадах болов уу гэсэн асуулт гарна. Ингэхэд 76 гишүүн маань бүгд IPAD-аа асуудалгүй ашиглаж чаддаг юм болов уу.
Монголд анх интернэтийг нэвтрүүлж, “Датаком” компанийг үүсгэн байгуулсан гишүүн Д.Энхбатаас энэ талаар асуухад “Интернэтийг бүрэн утгаар нь ашигладаг гишүүн УИХ-д 10 хүрэхгүй л байгаа даа” гэлээ. Дотор нь байгаа учраас тэрбээр багцаа тоо хэлээ байлгүй. Арай л дэндүү байгаа биз. Түшээд хөрөнгөтэй. Баян учраас л сонгуулийн сурталчилгаанд хэдэн сая төгрөг цацаж сонгогдсон. Олонх нь хувьдаа бизнестэй. Намтар түүхийг нь үзэхээр лав бүгд дээд боловсролтой, хэд хэдэн их сургууль дүүргэсэн байдаг.
Одоогийн Парламентад хамгийн олон буюу 26 гишүүн инженер мэргэжилтэй аж. Хуульч 13, эдийн засагч 19, үлдсэн нь багш болон бусад мэргэжилтэй. 35 хувь нь инженер, техник технологитой ойр дөт юм байна. Тэгсэн атлаа ийм хангалтгүй хувьтай байх гэж. З.Энхболд, Д.Энхбат, С.Баярцогт нар дээр залуу голдуу түшээ нэмэгдээд энэ талын мэдлэг гайгүйд орно. Сонирхоод Р.Рааш гуайгаас энэ тухай асуухад “Би интернэт хэрэглэдэг. Тэглээ гээд хаа явсан газраа компьютер сугавчилдаггүй” гэв.
Саяхан нэг гишүүний өрөөнд орлоо. Албанаас өгсөн IPAD хайрцагтайгаа ширээн дээр нь байв. “Та IPAD-аа хэр хэрэглэж байна. Ер нь технологийн дэвшилтэй хэр хөл нийлүүлдэг вэ” гээд л ярилцлагаа эхэлтэл “За за энэ тухай ярихаа боль. Өөр юм ярья” гэдэг байгаа. З.Энхболд гишүүн бол ийм сэдвээр хэчнээн дуртай ярих бол. Харин тэр гишүүн энэ тухай мэдлэг дулимаг гэдгээ илчлэхийг хүсээгүй бололтой. Иймэрхүү янзтай түшээ цөөнгүй бий, УИХ-д. Зарим гишүүн “Iphone утас ашиглаж болоод байгаа юм чинь IPAD-ыг “барчих” байх” гэсэн шүү юм бодоод сууж байгаа бололтой.
Тамгын газрын дарга Ц.Шаравдорж ч тэднийгээ мэдээд IPAD-ыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулахаа хэлж байсан юм. Сангийн сайд С.Баярцогт ч бас бусдадаа заахад бэлэн гэдгээ хэлсэн. IPAD-аа түшээдэд олгочихсон. Хэрэглээг нь жигдрүүлэх үлдэв. Тиймээс уржигдар Тамгын газрын Мэдээлэл, технологи, техник ашиглалтын хэлтсээс гишүүд, тэдний туслахуудад зориулсан IPAD-ыг хэрхэн ашиглах тухай сургалт зохион байгуулжээ.
Харамсалтай нь суусан гишүүн харагдаагүй гэнэ. Төрийн түшээ хүн байж иймхэн юм ашиглаж мэддэггүй юм уу гэж хэлүүлэхээс ичив үү, туслахуудаасаа нэрэлхсэн үү мэдэхгүй. Мэдээж техникийн мэдлэг сайтай түшээд түүгээрээ дамжуулан хууль, тогтоолын төсөлтэй танилцаж, цаг алдалгүй бүх мэдээллийг авах учир ач холбогдолтой. Гэвч бүрэн ашиглаж чадахгүй гишүүдийн хувьд бол ердөө л “хар хавтас” болно. Мэддэг хүмүүсийн хувьд бол “шидэт хавтас” байлгүй яах вэ.
УИХын Тамгын газар тонн тонн цаасан дээр буулгадаг хууль, төслөө IPAD-д суулгах программыг ирэх дөрөвд үгээр сарын 1-нд бэлэн болгохоор ажиллаж буй гэнэ. Үүнээс өмнө дахиад сургалт хийх байх гэж найдъя. Хавтсан компьютерийн дараагийн загвар төсвийн мөнгийг хэмнэх нь үү, үргүй зардлыг улам нэмэх нь үү гэдэг нь удахгүй тодорхой болно.
С.ТУУЛ