Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи албан ёсны айлчлал хийхээр өчигдөр нийслэлд хүрэлцэн ирэв. Ян Жэчи сайд манай оронд хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ бөгөөд тэрбээр 2007 онд Гадаад хэргийн сайдын хувьд гадаадад хийсэн анхны айлчлалынхаа хүрээнд манай улсад ирж байсан юм. Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябаог дагалдан 2010 онд Монголд бас ирж байв.
Монгол, Хятадын Гадаад харилцааны сайд нар өчигдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцлаа. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн замаа өөрөө сонгох эрхийг тууштай хүндэтгэж ирснийг Монголын тал өндрөөр үнэлж байдгийг Г.Занданшатар сайд тэмдэглээд, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдгийг цохон дурдав.
УИХаас саяхан шинэчлэн баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд үүнийг тодорхой тусгасан буй. Энэ бүгдэд суурилан хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тодруулбал Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрэх асуудлаар санал солилцох нь сайд нарын хэлэлцээний гол агуулга байв. Мөн ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд, хоёр талаас ярилцаж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудал, төслүүдийг урагшлуулах талаар, түүнчилэн соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны түхайд ярилцав.
Бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар ч санал солилцлоо. Бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлууд тухайлбал, НҮБ хийгээд олон улсын бусад байгууллагын хүрээнд, мөн Зүүн, Зүүн хойд Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов. Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд 2011-2012 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун нар, “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Журамд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун нар тус тус гарын үсэг зурж, БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс-Гонконгд Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай ноот бичгийг хоёр талын Элчин сайд нар солилцов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзахдаа “Бидний яриа хэлэлцээ амжилттай боллоо. БНХАУын Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайд Ян Жэчи бараалхаж, Г.Занданшатар сайд түүнд хүндэтгэлийн зоог барьснаар айлчлалын эхний өдөр өндөрлөв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаад эх орондоо буцна.
Р.Жаргалант