Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австралид айлчлаад уржигдар орой эх орондоо иржээ. Түүний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, гадаад бодлогын зөвлөх Ч.Оч нар өчигд өр мэдээлэл өгөв. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг эдгээр орноос сурах, судлах зүйл манайд их байсан аж.
Энэ сарын 16-19-нд Сингапурт саатахдаа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчид бараалхжээ. Мөн мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн хөгжүүлж, амжилтад хүрсэн арга туршлагаас нь судалсан байна. Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн манай улсад гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй болсон. Орон сууцжуулах талаар Сингапур арвин туршлагатай. Өмнө нь тус улсын хүн амын найман хувь нь орон сууцанд байсан бол одоо энэ тоо 90 хувь болсон байна. Гэтэл манайд хүн амын 21 хувь нь орон сууцанд амьдардаг аж. Богино хугацаанд энэ хөтөлбөрийг иргэддээ дарамтгүйгээр зөв зохион байгуулахын тулд манайхаас тусгай баг дахин тус улсыг зорих гэнэ. Тэндээс ч мэргэжилтгүүд урихаар болжээ.
Тэгвэл манай улс Австралитай дипломат харилцаа тогтоогоод 39 жил болж байгаа ч Ерөнхий сайд анх удаа айлчилсан байна. Хоёр орны Ерөнхий сайд уулзахдаа манай талаас тийш зорчих визийг хөнгөлөх талаар ярилцжээ. Мөн айлчлалын үеэр тус улсын Засгийн газраас зардлыг нь даан сургадаг монгол оюутны тоог жилд 38 болгож арваар нэмэхээр тохирсон аж. МонголАвстралийн бизнес форум зохион байгуулж, байгаль орчин, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Энэ мэтээр хоёр орны “хөгжлийн түлхүүр” болсон арга, туршлагаас судлаад ирсэн байна.