МАН байгуулагдсаны 90 жилийн ойг МАХН-ынхан ч бас тэмдэглэхээ мэдэгдлээ. Тэднийг дэмжиж буй улс төрийн долоон нам, иргэний 16 хөдөлгөөн хамтарч шударга ёсны төлөө тэмцэхээр болсноо өчигдөр мэдээлэв. Гуравдугаар сарын 1-нд болох уг ой Монголд улс төрийн хүчин үүссэнийг илтгэх аж. Тиймээс хамтран тэмдэглэхээр болсон байна. Баярын арга хэмжээ энэ сарын 27-ноос ард түмэнд хандан мэдэгдэл гаргаснаар эхлэх нь.
Мөн Чингис хаан болон Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Үе үеийн эх орончдын дурсгалд зориулан Дашчойлон хийдэд ном хуруулах гэнэ. Мөн ядуу иргэдэд тусламж үзүүлж, буян үйлдэхээр болжээ. “Эх орон” сэдвээр урлаг, спортын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. “Шударга үйлсийн үндэсний хөдөлгөөн”-ийг улс орон даяар өрнүүлэх юм байна.
Энэ талаар мэдээлэл өгсний дараа МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нараас сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Д.Сүхбаатар жанжны талаар янз бүрийн мэдээлэл цацагдсан. Энэ талаар та бүхэн ямар бодолтой байна вэ?
Ц.Шинэбаяр: - Улс төрийн нам, Д.Сүхбаатар жанжны талаарх түүхийг гуйвуулсан мэдээлэл цацагдаж байна. МАХН-тай бусад нам, хөдөлгөөн хамтран ажиллах гэж буйг сааруулах зорилгоор ийм мэдээлэл цацсан гэж үзэж байна.
-Та бүхэн МАХН нэрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Энэ асуудал юу болж байна?
-Дээд шүүхэд өргөдлөө өгснөөс хойш 11 хонолоо. Манай нам бүх асуудлыг хуулийн дагуу бэлтгэсэн учраас МАХН нэрийг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед МАН хууль их тайлбарлах болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАХН нэрийг авах ямар ч боломжгүй гэж ярьсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн ингэж хэлж буй нь нэг ёсны дарамталж байгаа хэлбэр. Ийм эрх ашгийн зөрчилтэй хүн Шүүхийн ерөнхий зөвлөлд байх нь зүйд нийцэхгүй. Тиймээс энэ талаар МАХН мэдэгдэл гаргана.