“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн нээлтэд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд УИХ, Засгийн газрын гишүүд, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, эмч нар, урлаг соёлынхноос бүрдсэн зургаан баг оролцохоор бүртгүүлсэн ч дөрөв нь ирэв.
Сагсны тэмцээнд багууд ана мана өрсөлдсөн. Гурван онооны шидэлтийг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар оновчтой гүйцэтгэсэн бол поверлифтингийн төрөл болох цээжний шахалт хийх үзүүлбэрт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 150 шахаж, эр бяраа гайхууллаа. Түүний араас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, Л.Гүндалай нэр нэхсэн юм.
Эмч нарын багт удирдах ажилтны зөвлөлгөөндөө оролцохоор орон нутгаас ирсэн аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар тоглов. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрийн хөгжөөн дэмжигчдийн баг бүрдүүлэн, ижил хувцсаар жигдэрч, байгууллагынхаа туг далбааг барин ирж үзэгчдийн суудлыг эзэлжээ. Хөгжөөн дэмжигчид нийтээр ажлын байрны дасгал хийж, 2011 онд нийтийн биеийн тамирыг сэргээнэ шүү хэмээн “санууллаа”.

Х.ЭРХЭМ