Бид Сүхбаатарын талбайд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд жанжны талбайг хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 3 хүртэл түрээслүүлчихсэн байсан гэж АН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар өчигдөр мэдэгдэв. Тус хөдөлгөөний залуус хот суурин газрын гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар иргэдийн гарын үсэг цуглуулах, санал солилцох арга хэмжээг өнөөдөр зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайгаас зөвшөөрөл хүссэн юм байна.
Засаг дарга хариуд нь “МАН-ын дэргэдэх НАМЗХ-ныхон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3 хүртэл Сүхбаатарын талбайг түрээсэлсэн тул боломжгүй” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Энэ талаар Б.Баярмагнайгаас тодруулахад “Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд НАМЗХ-ноос хоёрдугаар сарын 1-нд зөвшөөрөл хүсэж хандсан. Тэр дагуу зохих зөвшөөрөл өгсөн нь үнэн. Түүнээс бус түрээсэлсэн асуудал байхгүй.
АН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөлгөөнийнхөн өмнө нь хандсан бол зөвшөөрөл олгох л байсан. Тэднийг хааж боосон зүйлгүй. Үнэхээр л гуравдугаар сарын 1-нд арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай бол өөр олон талбай, боломжтой газар бий. Заавал Сүхбаатарын талбайд хийх бол энэ сарын 3, 4-нд зохих журмын дагуу зөвшөөрөл хүсэж болно” гэсэн хариу өгөв.
НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга О.Алтансүхээс мөн тодруулга авлаа. Тэрбээр, “МАНын 90 жилийн ойн хүрээнд залууст зориулсан арга хэмжээг хоёрдугаар сарын 28-аас энэ сарын 2-нд зохион байгуулахаар хоёрдугаар сарын 1-нд Засаг даргаас зөвшөөрөл хүссэн. АН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөлгөөн биднээс өмнө зөвшөөрөл хүссэн бол өгөх л байсан байх. Ийм зүйлийг улстөржүүлж буйд харамсаж байна” гэв.
Э.ТӨР