О.Магнай, Г.Уянга нар сар бүрийн нэг өдөр цуглаан зохион байгуулах зорилготой ч дэмжигчид нь цөөрсөөр байгаа. Гэсэн ч гутардаггүй, тэд. Төр, засгийн хийж байгаа бүхэн санаанд нь нийцдэггүй учраас 10 хүнтэй ч хамаагүй тэмцээд л байдаг юм. Намууд ч ялгаагүй. Дургүйгээ хүрвэл оюутан хөлслөөд Сүх жанжны талбайд ороод ирдэг.
Ж.Батзандан, О.Магнай нарыг анх “од” болон олонд танигдахад яргуйн хувьсгал Монголд дэлбээллээ хэмээн өхөөрдөж байв даа. Гэвч хадны завсар хавчуулагдсан Монголын ардчилалд цэцэг навчны хувьсгал хэрэггүйг нийгэм ойлгуулсан. Ард түмэн тэднийг дэмжээгүй. Ойрын хэдэн өдөр өвөл эргээд ирэв үү гэлтэй тачигнах янзтай. Гэхдээ л хаврын урь ордогоороо орж, улстөржилт болдгоороо болох ч энэ цагийн өнгө төрх өөр байж мэдэх. Н.Энхбаярын МАХН, түүнийг тойрсон жижиг сажиг намууд гол дүрд хувирч магадгүй байна.
Өмнө нь тэд гудамжны тэмцлийн тухай зохиол бичиж, найруулаад жүжигчдээ сонгодог байсан бол одоо өөрсдөө ил гарахыг эрмэлзэх болжээ. Сонгууль дөхсөн цагийн хавар болохоор арга ч үгүй байх. Гэхдээ бодол, болгоомж илүүдэхг үй мэт санагдана. Юм бүхэн хэн нэгнийн санаснаар болж бүтэх албагүй ч өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг тогтолцооны гажиг, засаглалын хэлбэртэй холбож шалтаглах явдал бий болоод байна.
Африкийн орнуудад өрнөөд буй дайн самуун үнэн чанартаа засаглалын эсрэг тэмцэл. Тэнд нэг хүний, хэмжээгүй эрхт угсаа залгамжлагчдын дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх тэмцэл гал болон асав. Нэг хүний дарангуйллын эсрэг боссон ард түмэн ямар засаглалыг хүсээд байгаа нь тодорхой. Тэнд олонхийн буюу Парламентын тогтолцоог хүсэмжлэх болжээ. Харин манай “сөрөг хүчин”- ийнхэн ямар тогтолцоо, засаглалын тухай яриад байгаа хэрэг вэ.
Н.Энхбаяр нар л лав хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалыг илт сурталчлах болсон нь нууц биш. Томчуулын сонирхол нь засаглалын сэдэв болоод байгааг манай олон нийт төдийлөн анзаарахгүй байх шиг санагддаг. Дээгүүрх том улстөрчдийн сүүлийн үеийн сэдлийг анзаараад байхад засаглалдаа санаа нь ихээхэн зовоод байгаа бололтой. Түүний тод жишээ нь Э.Бат-Үүл. УИХ-ын тухай хуульд өөрчл өлт оруулах төсөл санаачлах болсноо тэрбээр, “Төрийн нэгдсэн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр хэн нэгэн эрхтэн дархтаны хувийн эрх ашиг, үзэл бодолд нийцээгүйн улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтийг өөрийн хүчээ болгон ашиглаж өдөөн турхирах, уриалах, зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг авах, санхүүжүүлэх, ивээн тэтгэх, улмаар энэ үйлдэл нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг бий болгох, үүний үр дүнд хүний амь нас хохирох, хүнд хор уршиг учрах аюултай байдал Монгол Улсад нэгэнт бий болсон” гэж тайлбарласан юм.
Түүний төсөл батлагдвал УИХ-ын индэр дээрээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг, хэлэх, аливаа хүч хэрэглэхийг хориглох юм. Сонгууль луйвардахыг ч төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ гэх агуулгатай заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар эрхэм гишүүн төсөл санаачлах бодолтой гэсэн. Парламентын засаглалаа хамгаалж, хяналттай байлгахын тулд хоёр танхимтай байх саналыг ч баатар гишүүн дэвшүүлээд байгаа.
УИХ-ыг гаднын хамаарлаас саармагжуулахын тулд 90 орчим гишүүнтэй байхад гэмгүй гэсэн санааг Парламентад олон удаа сонгогдсон гишүүд хэлдэг юм. Энэ мэтээр улстөрчдийн үйлдэл, сэдэл, алхмыг ажихад Монголын улстөржилт хэрээс хэтэрч төрийн тогтолцоогоороо оролдож эхлэх шиг байна. Ардчиллыг сонгосондоо монголчууд бахархдаг. Парламентын засаглалаа жинхэнэ ёсоор хөгжиж, төлөвшөөсэй гэж хүсдэг. Одоо бидэнд өнгөний, цэцэг, навчны хувьсгал хэрэггүй билээ. Гэхдээ бодол, сэрэмж огтхон ч илүүдэхгүй. Хаврын улстөржилт эхэллээ. Тэр нь монголчуудын сонгож, шилж олсон засаглалд маань бүү халдварлаг.
Г.ЭНХ