УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Монгол төрийн албаны ёс зүйн төлөвшлийн асуудал” сэдвээр Удирдахуйн ухааны доктор (PhD)-ын зэргийг өчигдөр хамгааллаа. Тэрбээр сүүлийн арваад жилийн хугацаанд төрийн албаны ёс зүйн байдалд хийсэн судалгааны материалдаа түшиглэн эрдэм шинжилгээний ийм бүтээл туурвижээ.
Төрийн албаны ёс зүйн асуудлыг хийсвэр байдлаар өөрийнхөө хүрээнд метафизик түвшинд биш харин тодорхой үзүүлэлт, итгэлцүүр, хэмжигдэхүүн хэрэглэж, хүнд суртал, авлига, сонирхлын зөрчил, эрх мэдэл, албан тушаалын төлөөх ил, далд “дайн” зэрэг ёс зүйн шинжтэй зангилаа асуудлуудыг бүрэн хамруулж судалснаараа төрийн албаны ёс зүйн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж чадсан төдийгүй өөрийн хийсэн шинжилгээндээ тулгуурлан төрийн албаны ёс зүйг төлөвшүүлэх арга замын асуудлыг хөндсөнөөрөө диссертац нь практик ач холбогдолтой болсныг Удирдлагын академийн професссорын багийн ахлагч, доктор, профессор Ш.Түдэв үнэллээ.