Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг эсэргүүцэж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчид хоёр дахин хэвлэлд хандав. “2010 оны гуравдугаар сарын 8-нд тус дүүргийн ИТХ-ын 14 төлөөлөгч 40 хувийн ирцтэй хуралдан, дүүргийн Засаг даргад Ц.Болдыг нэр дэвшүүлсэн нь хуулийн “ИТХ нь 51 хувиас доошгүй ирцтэй байх” тухай заалтыг зөрчсөн. Үүнийг нь нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр баталсан” хэмээн тэд гомдоллов. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Түшигээс лавлалаа.
-Та нар шинэ Засаг даргаа юуны учир үгүйсгээд байгаа юм бэ?
-Хууль бусаар нэр дэвшиж, Засаг дарга болсон Ц.Болд нь үнэн чанартаа олонхийн санал авч чадаагүй. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18- ны өдөр хуралдсан дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар түүнийг огцруулсан. Гэсэн ч дүүргийн 270 гаруй мянган иргэний төлөөллийн саналыг үл тоомсорлож ажлаа хийсээр байгаа.
-Нэгэнт ажлаа хийгээд эхэлчихсэн түүнийг буруутгах өөр шалтгаан байгаа юм уу?
-Манай дүүрэг 2011 оны төсвөө хуулийн хугацаанд баталж чадаагүй. Төсвөө шинэ оноос өмнө баталж чадаагүй цорын ганц дүүргээр тодорлоо.
Мөн өнгөрсөн оны турш Төсвийн тухай хуулийг зөрчиж, тодорхой батлагдсан төсөвгүйгээр хөрөнгө мөнгө зарцуулсаар өдий хүрсэн зэрэг нь түүнийг үгүйсгэх хангалттай шалтгаан гэж бодож байна.
О.Намчин