Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд танилцлаа. Х.Тэмүүжин, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил нар 14 хоногийн дотор мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.
Энэ ажлаа өчигдөр 10.00 цагт МХЕГ-аас эхэлсэн нь энэ. Мэргэжлийн хяналтын алба аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хавтгайруулж шалгахаа болин, эрсдэлтэй байгууллага, салбарыг оновчтой олж шалгах системд шилжиж байгаа юм. Үүнээс гадна үйлдвэрлэгч, импортлогчдын бараа бүтээгдэхүүнээс шинжилгээнд авсан дээжнийхээ үнийг төлдөг болж, хамгийн эрсдэлтэй байгууллага, салбарыг хяналтын хуудсын дагуу шалгадаг болохоор зорьж байгаа аж.
Гэтэл үүнийг өнгөрсөн найман сарын хугацаанд хэрэгжүүлээгүй, дээжинд авах бүтээгдэхүүний төлбөр тогтоогоогүй, энэ талаар Засгийн газар, Сангийн яам, Шадар сайдтай зөвлөлдөөгүй сууж байв. Үүнийг гишүүд хатуу шүүмжиллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнс, байгаль орчны салбарыг эрсдэлтэйд тооцож байгаа гэнэ. Харин хяналтын хуудсыг долоон байгууллагад туршиж эхэлжээ. Энэ талаар сонсоод гишүүд “Судлах биш ажиллах хугацаа болсон“ гэж шаардав. Иргэд, аж ахуйн нэгжээс дээж нэрээр мэргэжлийн хяналтын байцаагч багагүй зүйл авч, шинжилгээнд өгдөг.
10 хайрцаг чихэр оруулж ирэхэд нэгийг нь авчихдаг гэнэ. Бизнес эрхлэгчдийг ингэж хохироохгүйн тулд авсан дээжнийхээ мөнгийг төлдөг болохоор 644 сая төгрөг төсөвлөжээ. Үүнийг шууд бэлнээр олгохгүй. Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 1500 гаруй байцаагч ажиллаж, байгууллага, иргэдийг 24 чиглэлээр шалгаж, хянаж байна.
Манай улсад есөн том лаборатори бий. Үүнийг бүрэн ашиглавал лабораториор дутагдахгүй гэж гишүүд үзэж байна. 14 хоногийн дотор гишүүд мэргэжлийн хяналтын албаны алдаа, дутагдлыг илрүүлж, хэрхэн сайжруулах талаар саналаа хэлэх аж.
Х.Эрхэм