Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жи лийн ой, эх орончдын өдөр өчигдөр тохиолоо. Нэрээ сольсон, намаа “аварсан” хүмүүс энэ ойг хэн нь тэмдэглэх талаар нэлээд маргасан. Тэгвэл өчигдөр эв найртайгаар хэн хэн нь, тус тусдаа тэмдэглэлээ. МАХН-ын зүй ёсны үргэлжлэл, эхлэл болохоороо МАН давуу эрх эдэлсэн нь мэдээж. Төрийн ордонд тэд 90 жилийн баярын хурлаа хийв. Хурлыг нээж МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илт гэл тавилаа. Хурлын үеэр МАН-ын дар га С.Батболд ард түмэндээ хандаж уучлалт гуйсан юм.
Тэрбээр “Шинэ тутам Мон гол Улсын тусгаар тогтнол тун эмзэг байлаа. Хил хязгаарт халдах, дотоодод нь хагалан бутаргах зэргээр Монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн аюул занал, гаднын халдлага довтолгоон, өдөөн хатгалга үндсэндээ 1940-өөд оны сүүлийн хагас хүртэл үргэлжилсэн юм. Их гүрнүүдийн геополитик, Коминтерн, Бүх Холбоотны Коммунист / Большевикуудын/ Намын тулгалтаар хийгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол орныг нөмөрч, энэ хэл мэгдүүлэлтэд хамгийн түрүүнд намын удирдлага, гишүүд өртөж манай нам, төр, засаг, ард түмнийхээ хамт гашуун зовлон амссан билээ.
Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн амь насаа алдсан, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн дарга нар, лам хувраг, намынхаа гишүүдийн ах дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдүүллийг таслан зогсоох, газар авахуулахгүй байх талаар хүчин мөхөсдсөндөө ард түмнээсээ Монгол Ардын Нам уучлалт хүсэж байна” гэж хэллээ. Баярын хуралд гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, Со цинтернийн гишүүн ОХУ-ын “Нэгдсэн Орос”, Хятадын Коммунист, Германы Социал демократ, Английн Хөдөлмөрийн зэрэг намаас төлөөлөгч иржээ. Монголын анхны улс төрийн намын түүх улс орны түүхтэй холбоотой нь тодорхой. Баярын хурлаа нээж хэлсэн илтгэлдээ МАН-ын дарга С.Батболд үүнийг онцолсон.
Энэ баярыг тэмдэглэх эрхтэйгээ тунхаглаад “Манай нам бол МАН ч мөн, Монгол ардын хувьсгалт нам ч мөн” гэв. МАН, МАХН-ны дунд эргэлзээд байгаа хүмүүст зориулсан уу, тэрбээр нам байгуулагдсан түүхийг эргэн сануулав. Нийслэлд үүсээд хожим нь Хүрээний, Консулын хэмээн нэрлэх болсон хоёр бүлгэм 1920 оны эхээр хүчээ нэгтгэжээ. Тэд мөн оны зургадугаар сарын 25-нд хуралдаж, нам байгуулахаар шийдсэн байна. Улмаар тэмцлийн бодлогоо тодорхойлж, “Тангаргийн бичиг” үйлдэн тамгаа дарж баталгаажуулсан түүхтэй. Уг улс төрийн нууц байгууллага МАН-ын үүсэл, үр хөврөл байсан аж. МАН-ын түүх Монгол Улсын тусгаар тогтнол, шинэ төрт ёсны түүх байсан, цаашид бүтээн байгуулалт, хүний хөгжлийн түүх болох гэнэ. 90 жилийн түүхийг 20 гаруй хуудсанд багтаасан илтгэлийн дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг зөвлөх нь танилцуулав.
Энэ өдрийн “содон” илтгэгч нь АН-ын дарга Н.Алтанхуяг байлаа. Ардчилсан хувьсгалын 20, Монголд улс төрийн хүчин үүссэний 90 жилийн ойг улс даяар тэмлэглэх Ерөнхийлөгчийн шийдвэр гарсныг тэр сануулсан. Тиймээс олон нам үүсэх эхлэл болсон энэ өдрийг онцолж, МАН-ын болон бүх намын гишүүнд баяр хүргэв. Баярын хурлын дараа МАНын дарга, гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний нээлтэд оролцов. Морин цагт хөшөөг нээхээр зарласан учир иргэд ч, хэвлэлийнхэн ч цагтаа цуглалаа. Харин МАН-ын дарга бүтэн цагийн дараа сая нэг гарч ирсэн. Гадаа хүйтэн, тэднээс бусад нь бэлэн болчихсон байтал эх орончдын өдөр иргэдээ ийнхүү бухимдуулаад авав.
Д.Сүхбаатар жанжны хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор буюу 1947 оны долдугаар сарын 11-нд анх сүндэрлүүлсэн юм. Түүний хөшөөг хүрэлдэж шинэчлээд саяхан байрлуулсан билээ. Хөшөөг МАН-ын далбааны өнгөт даавуугаар бүтээсэн байлаа. Д.Сүхбаатарын талаар олон сөрөг мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдсан. Хөш өөний нээлтийн үеэр МАН-ын дарга С.Батболд түүний алдар, гавьяаг сануулаад дээрх мэдээлэлд “Хөшөө дурсгал үг дуугардаггүй, өөрийгөө хамгаалж чаддаггүй, амьд хүмүүсийн маргаан мэтгэлцээнд оролцдоггүй. Үүнийг ашиглаж их жанжны маань ариун үйлсийг гутаан доромжлох гэж оролдох нь хүн ёсноос ихээхэн гадуур зүйл гэдгийг өнөөдөр би зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Д.Сүхбаатар жанжны нэр төрийг сүүдэртүүлэх үг яриа нь өнгөц хэлэхэд тусгаар тогтнолын үнэ цэнийг ухаарч мэддэггүй ухвар мөчид хүний ойворгон үг. Ухаж үзвэл, Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэж, хүн бүрийн сүүн сэтгэлд шороо цацсан гэмт үйлдэл гэлтэй” хэмээн тайлбар хийв. Бүх цэргийн жанжин, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон жанжны ач хүү Г.Алтансүх нээлтийн ажиллагаанд оролцсон. Тэрбээр өвөөгийнх нь үйлсийг үр ач, иргэд нь бахдаж, бас үргэлжлүүлэх ёстойг хэлэв. Үүний дараа хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн. МАНынхныг хөшөөний нээлтэд оролцохтой зэрэгцэн “11.00 цагт МАХН-ынхан буюу Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө” гэсэн мэдээлэл тарсан байлаа. Гэвч тэд МАН-ын дараа энэ арга хэмжээгээ зохион байгуулсан.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооныхны хэлсэн шиг Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооныхон Сүхбаатарын талбайд хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 2 хүртэл арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл авчихсан, “түрээсэлчихсэн” учраас МАН илүү бүрэн эрх эдэлсэн байж мэднэ гэх яриа ч иргэдийн дунд байв. Үүний дараа МАН-ынхан шинээр барьж буй намын байрандаа очлоо. Нам байгуулагдсаны 90 жилийн түүх, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, эх орончдын өдрийн гол үнэ цэнэ нь тусгаар тогтнолын төлөө байсныг бэлгэшээн шинэ байраа “Тусгаар тогтнолын ордон” хэмээн албан ёсоор нэрлэж буйгаа зарлалаа.