Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэний 90 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт нижгэр тэмдэглэлээ. Шинэ жилээр ч бараг буудуулдаггүй салютаар Улаанбаатарын тэнгэр, намын баярын лого, зарлалаар хотын гудамж “бялуурав”. Энэ ойг С.Батболд даргатай МАН, Н.Энхбаяр даргатай МАХН-ын аль нь тэмдэглэх вэ гэсэн “дайн” тэдний хүрээнд өрнөсөн. Эцэст нь улс төрийн хүчин үүссэн ой учир хэрэлдэлгүйгээр тэмдэглэхээр хэн хэн нь шийдсэн бололтой. МАХН-ын зүй ёсны эхлэл, үргэлжлэл учраас МАН давуу эрх эдэлсэн нь мэдээж.
Төрийн ордонд тэд баярын хурлаа хийж, их жанжин Д.Сүхбаатарын хүрэлдэж, шинэчилсэн хө- шөөний нээлтэд оролцон цэцэг өргөв. Баярын хурлын үеэр намын дарга С.Батболдын тавьсан илтгэл олны анхаарлыг татсан. 70 жил эрх барьж, сүүлийн 20 жилд олон намтай эрх мэдлээ хуваалцсаны хувьд улсын түүх МАН-тай холбогдох нь гарцаагүй. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд МАХН ухаалгаар хандан буулт хийж, шинэ нийгмийг хамтдаа бүтээлцсэн байна. Гэхдээ түүхийн сайнаас гадна хар толбо болсон зүйлс ч тус намтай холбогддог.
Буруудсан энэ алхмынхаа төлөө МАХН уучлалт гуйлгүй “гүрийдэг” байсан юм. Тэгвэл 90 жилийнхээ ойн баярын хуралд үг хэлсэн С.Батболд хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхнээс анх удаа уучлалт гуйсан нь содон байв. Гэхдээ эсрэг талынханд хандаж үг чулуу дахаа ч мартсангүй. “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл, үргэлжлэл. Тиймээс МАН ч мөн, МАХН ч мөн” гэлээ. Энэ нь “Н.Энхбаяр аа, чиний нам бол манай нам. Харин МАН бол зөвхөн манай л нам” гэсэнтэй ижил сонсогдсоныг юу гэх вэ.
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр МАН, МАХН хоёр тэрүүхэндээ цаг булаацалдсан адал явдал ч гарсан. МАХНын дарга Н.Энхбаяр тэргүүтэн гуравдугаар сарын 1-ний 11.00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр зар тараасан байлаа. Мэдээж албан ёсны нам нь энэ талаар мэдээ авалгүй яах вэ. Ямар нэг баяр ёслол болох үеэр гардгаас арай олон цагдаа талбайг “хамгаалалтад” авчихав. Тэгээд ч ах нарынхаа өмнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах “үүрэгтэй” Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо Сүхбаатарын талбайг хоёр дугаар сарын 27-ноос энэ сарын 2-ныг дуустал “түрээсэлж” орхисон байж л дээ.
АН-ын залуус нэг арга хэмжээ зохиох гээд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсаныхаа дараа ийм хариу авсан гэнэ билээ. “Хөшөөнд цэцэг өргөх тухай хэвлэлийнхэнд зар тараачихсан ч Н.Энхбаяр энэ талаар мэдсэн байсан биз ээ. Үдээс хойхно түүнийг дэмжигчид даруухан гэгч нь ирж, цэцэг тавьчихаад явсан байсан. Төрийн ордонд МАН-ынхан баярлаж, шатсан байрныхаа буурин дээр “Тусгаар тогтнолын ордон” босгож буйгаа тунхаглаж байлаа. Нөгөө талд нь МАХН-ынхан ҮШН, БНН тэргүүтэй нам, иргэний хөдөлгөөнтэй хамтран “Эх орон шударга ёс” хэмээх үндэсний хөдөлгөөн байгуулснаа тунхаглав. 90 жилийн ойн баярт бялуурсан бяцхан өрсөлдөөнтэй долоо хоног улирах нь тэр.