Энэ асуултын хариулт дараагийн Их Хурлын үед л тодорхой болж магадгүй. Шинээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулганаас УИХ-ын удирдлагыг сонгодог. Гэхдээ олонх болсон намаас санал болгосон хэсэг хүний төлөө гишүүд нь дуртай ч, дургүй ч гараа өргөж баталдаг Үндсэн хуулийн заалт буй.
Илээр санал хураадаг болохоор энэ нь гишүүдийн сонгох сонгогдох эрхийг зөрчихөд хүргэдэг. Харин энэ ёс бус байдлыг халахаар УИХ-ын гишүүн Р.Раш, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, Ш.Сайхансамбуу, З.Алтай, О.Чулуунбат, Д.Энхбат нарын 15 гишүүн ардчилсан Үндсэн хуулийн ардчилсан бус заалтыг өөрчлүүлэхээр төсөл санаачилсандаа санал авахаар Ерөнхийлөгч, Засгийн газарт хандаад байна.
Ийм шударга өөрчлөлтийг оройтсон ч гэсэн санаачилсан гишүүдэд талархах хэрэгтэй. Энэ талаар төсөл санаачлагч нэгэн гишүүнээс тодруулга авснаа хүргэе. Тэрбээр нэрээ ил гаргахаас эмээсэн нь улс төрийн дарамт шахалт байсаар байгааг харуулсан хэрэг юм.
-Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Энэ хуулиар Монгол Улс, монголчуудын нийгмийн ардчилсан шинэ тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн сонголтыг баталгаажуулсан юм. Гэтэл УИХ эцэг хуульдаа гар хүрч, 1999 оны арванхоёрдугаар сарын 24, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд /шинэ жил дөхүүлж буюу олон түмний анхаарал хяналт суларсан үеийг ашигласан байгаа биз/ нэгэн ижил агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь өнөөдрийг хүртэл маргаантай байсаар ирлээ.
Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл санааг илтэд гажуудуулсныг Цэц нотолсон билээ. Дурдсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн саналаа чөлөөтэй гаргах эрхэд халдаж, гишүүдэд намын хяналтыг хатуу тогтоох боломж бүрдүүлсэн юм. 2000 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн хориндөрөвд үгээр зүйлийн нэг дэх хэсгийн “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж байсныг “илээр гаргаж сонгоно” болгосон.
УИХ-ын гишүүдийг саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хангахын тулд дээрх заалтыг халж, “нууцаар” сонгоно болгож өөрчлөх хэрэгтэй хэмээн энэ эрхэм ярив. Одоо Ерөнхийлөгч, Засгийн газар саналаа ирүүлчихвэл УИХ-д өргөн мэдүүлэх юм.