Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэг лэсэн хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгээд буй. VIII Богдын хатан Дондогдуламын эдэлж, хэрэглэж байсан хувцаснаас бүрдсэн “Монгол төрийн хатан эрдэнэ Эх дагина” үзэсгэлэнг үзэх гэсэн олны хөл тасрахгүй байгаа аж.
Өвлийн улиралд өдөрт 30- 40 үзэгчтэй байдаг тус ордон музейд өнгөрсөн сарын 27-ноос хойш өдөр бүр 100 гаруй зочин айлчилдаг болжээ.
Тэр ч бүү хэл Хэнтий аймгийнхан зохион байгуулалттайгаар хүрэлцэн ирж, нутаг нэгт хатныхаа эдлэл, хэрэглэлийг сонирхоод ордон музейг үзээд буцсан байна.
“Монгол төрийн хатан эрдэнэ-Эх дагина” үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үнэ төлбөргүй үзэгчдийн мэлмийг мялаана.