Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Сүүлийн гурван жилийн судалгаагаар жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн ослоор амиа алдаж, 3000 гаруй хүн гэмтсэн байна.
Дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь гишүүдийн санааг зовоосон аж. 2010 оны эхний есөн сарын байдлаар 28000 орчим зам тээврийн ослын дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. 10 осол тутмын нэг нь согтуугаар машин жолоодсоноос үүддэг.
Эдгээр үзүүлэлтээр авч үзвэл зам тээврийн ослоор манай улс дэлхийд дээгүүр оржээ. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомж хэрэгжихгүй байгаатай гишүүд холбосон байна. Тиймээс иргэний аюулгүй орчинд ажиллаж, амьдрах баталгааг хангахын тулд юу хийж байгааг нь Засгийн газрын тэргүүнээс асуужээ.
С.УУЛ