Сүүлийн үед зүүн, баруун төвийн МАН, АН хоёрыг ихэрлэлээ гэх болсныг хүн бүр л сонсож яваа. Тэднийг нэг хөнжилд орчихно гэж бараг зүүдлээгүй. Гэтэл харсаар байтал нэг гудсан дээр тэрийгээд хэвтчих юм. Хамтарсан Засгийн газар байгуулсныг хэлээгүй юм шүү. АН-ыг МАН-аас илт ялгаруулж, эрх чөлөөтэй, ардчилалтай харагдуулдаг байсан эд бол яах аргагүй ротацийн буюу сонгуулиас бусад жилд ҮЗХ-ны гишүүдийнхээ гуравны нэгийг сэлбэдэг эргэлтийн сонгууль байв.
Арваннэгэн жил үйлчилсэн энэ тогтолцоог АН саяхан халлаа. Ингэснээр МАН-аас ялгараад байх юм тун хомс болж байгаа юм. Олон түмэн, АН-ын жирийн гишүүн, дэмжигчид ротацийн сонгуульд “дуртай” байсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл улс төрийн намууд дахь эрүүл үзэгдлийн нэг нь АН-ын ротаци байсан юм. Нэг ёсондоо энэ бол цус сэлбэлт гэсэн үг.
Улс төрд цус ойртохоос сэргийлсэн ардчилсан механизм ганцхан АН-д үйлчилдэг байлаа. Харамсалтай нь АН түүнээсээ татгалзлаа. Анаж байсан юм шиг Н.Энхбаярын МАХН гологдсон ротацийг өвлөхөө зарлалаа. Экс Ерөнхийлөгч тэгэхээр АН-ын ротацийг таашаадаг байсан байж таарах нь.
Хаягдахаар нь өөртөө өмчлөн авч байгаа нь улс төрийн оноо цуглуулахад хэрэг болохыг мэдсэн нь тодорхой. Ротацийг халах ҮЗХ-ны 34 дүгээр хуралдаанд 228 гишүүний 178 нь оролцсон юм.
Тэдний гурваас бусад нь ротациа халахыг дэмжсэн. АН хэзээ ч ийм шийдвэрийг бараг 100 хувийн саналаар гаргаж байгаагүй санагдана. Тэгэхээр энэ бол ҮЗХ-ны гишүүн бүрийн улс төрийн эрх ашиг байсан гэдэг нь тодорхой. Ротацийг халах нь санал өгсөн гишүүн бүрийн эрх ашигт нийцэж байгаа.
Ингэснээрээ тэд УИХ-д нэр дэвших замаа засчихаж байгаа юм. АН-ыг ротациасаа татгалзана чинээ олон мянган гишүүн нь санаагүй, хүсээгүй гэдэгт итгэлтэй байна.
Хүн эрүүл саруул байхын тулд цусаа сэлбүүлдэг. АН ч ийм байж ирсэн. Харамсалтай нь АН эрүүл байхаас татгалзав. МАХН ротацийг авлаа.
Э.Төр