ЭЛЧИН САЙД ЯРЬЖ БАЙНА
“...Хөөрхий манай 24 оюутан, долоон хүүхэд тэнд байгаа, нүүлгэн шилжүүлсэн монголчуудын сүүл чийн хэсэг нь. Малайз 10 мянган оюутнаа 18 удаагийн нислэгээр татаж авсны дэргэд манай 31 оюутан, хүүхэд гэдэг бол даанч өчүүхэн үзүүлэлт л дээ. Гэхдээ биднээс чамгүй ур ухаан, мэргэжлийн өндөр төвшин шаардсан даа...”. Монгол Улсаас Арабын бүгд найрамдах Египет улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Каираас ирүүлсэн тэмдэглэлдээ ийн дурджээ.
Түүнийг Элчин сайд нарын зөвлөгөөнд оролцохоор эх орондоо ирээд байхад нь Египетэд үүссэн онцгой нөхцөлд Элчин сайдын үүргээ сайн биелүүлж, монгол иргэдийн аюулгүй байдлыг хангасны нь төлөө Засгийн газраас шагнав. Зөвлөгөөний завсарлагаар Элчин сайд Д.Баярхүүтэй товч ярилцлаа.
-Таныг саяхан шинэ ном бичсэн гэж сонслоо. Египетэд болсон үйл явдлыг нүдээр үзсэн судлаачийн хувьд бичив үү, эсвэл тэнд суугаа Элчин сайдын хувьд бичив үү?
-Судлаачийн бүтээл биш л дээ. Элчин сайдын тэмдэглэлном байгаа юм. Монголын дипломат албаны практикт байдаггүй боловч хөгжингүй орнуудын дипломатчид насан туршдаа тэмдэглэл хөтөлдөг. Дипломатчдын тэмдэглэл гэдэг бол түүхэн баримт, мөн залуу дипломатчдын хувьд сурах зүйл ихтэй бодит гарын авлага болдог чухал зүйл шүү дээ. Сонинд хэвлүүлсэн “Тахрирын хувьсгал” нэртэй нийт лэл бол миний өдрийн тэмдэглэлүүд юм шүү дээ.
-Өдрийн тэмдэглэл гэхэд их уншвартай юм билээ.
-Олон жил өдрийн тэмдэглэл бичжээ, бүр багаасаа л эхлүүлсэн зуршил. Гэхдээ мэдээж өдөр болгон бичдэггүй. Чухал үед заавал хөтөлнө. Египетэд сая болсон онцгой үйл явдлыг өдөр алгасалгүй тэмдэглэсэн. Тэр тэмдэглэлийн нэгээхэн хэсэг блогт маань гарч, сонинд хэвлэгдсэн байна билээ.
-Таны ном зөвхөн Каирын тэмдэглэлээс бүрдэх үү?
-Египетийн үйл явдлаас хийсэн тэмдэглэл гэхэд л одоогоор 100 гаруй хуудастай болоод байгаа. Олон гэрэл зураг авч амжсан. Би чинь Монголын нэрт гэрэл зурагчны хүү шүү дээ. Хар багаасаа фототой нөхөрлөсөн дөө. “Тахрирын хувьсгал” нэртэй энэ ном миний тэмдэглэл, гэрэл зургуудаас бүтнэ. “Тахрир” бол Каирын төв талбайн нэр, арабаар “чөлөөлөлт” гэсэн үг. Монголын дипломат албаны 100 жилийн ойд зориулж энэ номоо хэвлүүлэх гэж байгаа юм.
-Та Египетийн үйл явдлыг юу гэж харж байгаа вэ?
-Египет төдийгүй Ойрхи Дорнодод өрнөж байгаа нийгэм, улс төрийн үйл явц дэлхий нийтийн гайхшийг барж байна шүү дээ. Хүн төрөлхтөн Ойрх Дорнодод ийм юм болно гэж төсөөлөөгүй, урьдчилан таамаглаагүй. Одоо үйл явцыг нь дагуулж хараад, цаашид хэрхэн өрнөхийг нь сонирхон хүлээж байна.
Дэлхийн бодлогыг хэрэгжүүлдэг, глобал бодлого явуулдаг их гүрнүүд энэ бүс нутгийг бүр их сонирхох боллоо. Тогтвортой байх ёстой улс орнууд яагаад бужигнаад эхлэв гэсэн асуулт томоохон гүрнүүдэд тулгараад байна л даа.
-Ойрхи Дорнодын үйл явдлыг “Мэлрэг цэцгийн хувьсгал” хэмээн нэрлэж, энэ нэр томъёогоор өнгөт хувьсгалын хоёр дахь томоохон давалгааг тайл бар лах явдал дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудаар дамжин цацагдсан. “Тунис, Египетээс гараагаа авсан мэлрэг цэцгийн хувьсгал Африкийг зоригжуулж, одоо Ази руу чиглэлээ” гэсэн дүгнэлттэй Та санал нийлэх үү?
-“Зоригжууллаа” энэ тэр гэсэн айхтар том дүгнэлттэй би хувьдаа санал нийлмээргүй байна. Ер нь XXI зуунд хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага өндөр болсон байна, энэ хэрээр нийгэм, эдийн засаг асар хурдтай хөгжиж байна шүү дээ. Шинэ зүйл рүү, шинэ үйл явц руу тэмүүлж байна.
Мэдээллийн технологийн маш хүчтэй эринд ирчихсэн, хүн төрөлхтөн энэ технологийнхоо хурдыг гүйцэх үү, үгүй юү гэдэгтээ тулчихсан юм байна л даа. Арабын ертөнцөд ч ялгаагүй. Нэр дурдсан орнууд маш их залуужсан. Тэдэнд улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтолцоотой зөрчилдөх хандлага гарч ирсэн хэрэг л дээ.
-Тэд залуужсан, шинэ зүйл рүү тэмүүлж байна гэдгийг Та зүгээр нэг хэлээгүй нь ойлгомжтой. Хувьсгалын яг газар дээр нь ажилласан хүн, яг юу ажигласнаа хэлэхгүй юү?
-Миний суугаа Египетийн хувьд ард түмэн нь ардчиллыг, ил тод байдлыг хүсэж байна. Ажилгүйдэл, ядууралтайгаа эвлэрэхгүй байгаа юм. Улс төрийн тогтолцоотойгоо зөрчилд өж байна. Нэг хүн засаг төрийн толгойд олон жил сууж байгааг эсэргүүцсэн. Египет яг одоо шинэчлэлийг эрэлхийлж байгаа улс. Одоогийн шинэчлэлийн нэгдүгээр шат нь Египетэд гурван шатны сонгууль явуулахаас эхэлж, реформыг нийгэм, эдийн засгийн хүрээнд хүчтэй өрнүүлэхээр яригдаж байгаа.
-Сүүлийн үед Монголын улс төрийн гуравдагч хүчнийхэн Египетийн жишээгээр хувьсгал хийе, тэмцье гэж уриалах болоод байгааг Та сонссон л байх?
-Монгол бол реформоо хийчихсэн улс шүү дээ. 1990 онд ардчилсан хувьсгалаа хийчихсэн, бид түүнээс хойш олон бэрхшээлийг давчихсан байна. Монголын ардчилал, эдийн засгийн шинэтгэл дэлхийн олон оронд үлгэр дууриал болоод явж байна.
Тиймээс Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдлыг Монголын дотоодын улс төртэй холбож ойлгох ямар ч нөхцөл байхгүй. Монгол Улс хийдгээ хийчихсэн.
-Таны мэргэжил олон улсын харилцаа, тэр дундаа хятад судлаач болохоор асууж байгаа юм л даа. Манай өмнөд хөршийн нэг бус хотод эрх чөлөөний төлөө бэсрэг цуглаанууд өрнөсөн. Хятадад Египетийн хувьсгалын “оч” үсэрсэн юм болов уу?
-Би Египетэд суугаа Монгол Улсын Элчин сайдын албыг хашиж байгаа учраас энэ асуултад хариулах нь тун зохимжгүй хэрэг болох биз.
Б.Энхцэцэг