Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дүүргийн Засаг дарга нарт банга хүртээлээ. “Хотын удирлага та нарын ажлыг бүх л бололцоогоороо дэмжиж байгаа. Гэтэл та нар ядахдаа дүүргээ хогноос нь салгачихаж чадахгүй байна шүү.
Би өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай хот дундуур дайран өнгөрч байгаа төмөр замаар явж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн зохицуулалтын шинэ гарцын талаар чухал асуудлуудыг судалж, шийдвэрлэх хэмжээнд ажилласан.
Та нарын арчаагүй байдлаас болж төмөр зам даган хөглөрөх хог новшийг хараад хамт явсан төмөр замынхан, сэтгүүлчдээс үнэхээр санаа зовлоо.
Ингэж ажиллахгүй шүү нөхөд өө” хэмээн зэмлэсэн хотын дарга өнөө маргаашгүй хогноос салах ажлыг даруй зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.