Бүгд Найрамдах Франц улсад хийж буй УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр тус улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзлаа. Түүний эрхэлсэн ажлын хүрээнд үйлдвэр, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт гээд олон салбар багтдаг аж. Тэрбээр “Хоёр орны харилцаа сайхан явж ирсэн ч бүр санасанд хүртэл өргөжихгүй байгаа. Таны энэ айлчлал үүнд алхам болно гэдэгт итгэж байна гээд “Мон-Атом”, “Арева”-гийн хамтын ажиллагаанаас гадна ямар салбарт бид хамтран ажиллах боломж байгаа вэ” хэмээн асуулаа.
УИХ-ын дарга “Монголын хувьд орд газраа ашиглахаас гадна хөдөө аж ахуйн салбар чухал, үүнд тус салбараа ихээхэн хөгжүүлсэн Францаас суралцаж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Европ стандартыг нутагшуулснаар хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтой, Улаанбаатарт Европын Холбооны төлөөлөгчийн газрыг байгуулахад тус холбооны нөлөө бүхний орны хувьд анхаарна гэдэгт итгэж буйгаа Д.Дэмбэрэл онцолж байв.
Японд газар хөдөлсний дараа үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Франц улс цөмийн энерги боловсруулах тухайд ямар нөхцөл байдал үүсэх бол хэмээн эрхэм спикер сонирхоход Засгийн газрын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш “Японд болж буй явдлыг бид одоогоор урьдчилан дүгнэж хэлэхэд эрт байна. Бид анхааралтай ажиглаж байна. Ерөнхийдөө энэ талаар улс төрийн өндөр хэмжээнд яригдаж, хэлэлцүүлэг хийгдэж байна. Гэхдээ бидний нэвтрүүлсэн гурав дахь үеийн атомын цахилгаан станц нь ийм эрсдэлээс сэргийлсэн давхар хөргүүрийн системтэй учраас илүү үнэ цэнэтэйд тооцогдож таарна” гэж байлаа.
Япон улс эрчим хүчнийхээ 27 хувийг атомын цахилгаан станцаас гаргадаг бол Франц 80 хувийг гаргаж, дэлхийд энэ үзүүлэлтээр тэргүүлдэг аж. Уг уулзалтын дараа эрхэм спикер Францын Үндэсний Ассемблейн ерөнхийлөгч Бернар Аккуйетай уулзлаа. Хоёр спикерийн уулзалт ихээхэн энгийн, бас халуун дотно болов. Монголын талаас Францад спикерүүдийн хийсэн гурав дахь айлчлалд тооцогдож буй ажлын энэ айлчлал өнөөдөр дуусаж, УИХ-ын дарга маргааш эх орондоо ирнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.