Хаврын урь орлоо. Дэлхийн улс төрд ч “ногоон” салхи сэвэлзэх болов. Харин Монголын улс төрд сүүмэлзэх төдий байсан ногоон өнгө бүдгэрч ч болзошгүй байна. Байгаль орчин сүйдэж, гол мөрөн ширгэж байгаа цаг үед энэ рүү чиглэсэн бодлого явуулах улс төрийн хүчин хэрэгтэй.
Ногоон намууд Европын орнуудад хүчээ авч байхад Монголд сул, хүчгүй дээрээ бүр алга болох шинжтэй. Угаас унтаа байсан энэ нам 16 жил “ичсэний” эцэст 2008 онд УИХ-д ганц суудалтай болсон юм. Тэр ганц суудлыг авсан ННын дарга Д.Энхбат одоо уг намыг татан буулгаж, ИЗН-д нэгтгэхээр ярьж сууна. “Ногоон үзэл баримтлалыг дэлгэрүүлэхийн тулд УИХ-д ганц хүн юу ч хийж чадахгүй байна.
Бид олуулаа болох ёстой” хэмээн ИЗН-д намаа нэгтгэж буйг НН-ын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт тайлбарласан. Олуулаа болох нь хүчтэй байхын эхлэл мөн. Гэвч олуулаа болох олон аргаас яагаад заавал татан буулгахыг сонгосон нь сонин. Энэ өнцгөөс нь аваад үзвэл зарим хардлага төрнө. Намаа аврах хөдөлгөөнийг удирдаж буй НН-ын дарга асан Д.Басандорж, О.Бум-Ялагч нарын байр суурийг энэ талаас нь ойлгож болохоор байгаа юм. Бүтээн байгуулалт, хөгжлөө ярихдаа байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавих ногоон улс төр, эдийн засгийн бодлогыг дэлхийн улс орнууд дэмжиж байна. Ногоон намд том орон зай бий.
Д.Энхбатыг дарга болохоос өмнө НН-ын сураг сонгуулийн үеэр л сонсогддог байв. Нэр дэвшигчид нь амжилт олж байсангүй, ногоон үзэл баримтлалыг дэлгэрүүлж, хөгж үүлэхийн төлөө дорвитой ажил ч хийсэнгүй. Д.Басандорж олон жил энэ намыг даргалахдаа зөвхөн “унтуулж” л чадсан. Гэхдээ ногоон үзлийг хөгжүүлж чаддаггүй юм гэхэд цэврээр нь авч үлдэх чин хүсэл О.Бум-Ялагч, Д.Басандорж нарт байна. Тэд энэ үзэл баримтлалыг эрлийзж үүлэхийг хүссэнгүй. Тиймээс ч эсэргүүцэн маргалджээ.
Энэ сард Ногоон намын их хурал болно. 350 орчим төлөөлөгч оролцох юм билээ. ИЗН-д нэгдэж, намаа татан буулгах эсэх эцсийн шийдвэрийг ногоонтнууд гаргана. Ногоон намын төлөөх сэтгэл, төрийн бодлогыг “ногооруулах” зорилго байгаа л бол ИЗН-д нэгдэх биш ИЗН-ыг өөртөө нэгтгэх шийдвэрийг тэд гаргах биз. ИЗН мэдээж харьцангуй цэвэр, бас улс төрийн хүрээнд туршлагатай нам. Засгийн эрхийг ч хамтран барьж үзсэн. Гэвч тус намд үнэндээ С.Оюун гэдэг ганц л лидер бий. Улс төрийн туршлагаараа тэд НН-аас илүү.
Гэвч ирээдүй, гүйцэтгэх нөлөө, хүлээх үүргээрээ Ногоон нам давуу. Олуулаа болох олон сонголтоос дээрхийг сонгохдоо Д.Энхбат “Иргэний зоригНогоон намын үзэл баримтлалд ногоон үзэл давамгайлна. Даргаар нь бид ажиллана. Тэгэхээр энэ нам огт устахгүй” гэсэн тайлбар зүүдэг. Тэгвэл яагаад өөр арга бодож болоогүй гэж гэсэн асуулт Д.Басандорж тэргүүтний цээжний мухарт зангирчээ.
Энэ талаар эерэг сонголт хийж, дэлхийд газар авсан орон зайгаа мэдрэхгүй юм бол Д.Энхбатын талаар дээрх гишүүдийнх нь мэдэгдсэнийг үнэн хэмээн хардахаас аргагүй болно. ИЗН, НН нэгдэх тухай баримтад хоёр намын дарга гарын үсэг зурах үеэр тэд “Д.Энхбат хувийн улс төр хийхээ боль. Албан тушаал хүссэн бол өөрөө ИЗН-д элс” гэх мэтээр хашгирч байсан юм. Хоёр намын нэгдлийн талаар улс төр судлаач Л.Эрдэнэтуулын байр суурийг сонирхов. Тэрбээр “Энэ хоёр намд үзэл баримталсаад байх юм байхгүй.
Тэдний нэгдэл утга агуулга бүхий биш, бодит сөрөг хүчний үйл ажиллагааг сааруулах гэсэн эрх баригч МАНАНгийн дайвар бүтээгдэхүүн. ИЗН 2004 оноос хойш АН-ын хавсарга байдлаар ажиллаж байгаа. 20 жил тодорхой ногоон үзэл баримтлалтай явсан намыг “арилжиж” авсан Д.Энхбат эд нар цэвэр эрх ашгийн үүднээс нэгдэж байгаа” гэлээ.
Гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригтын хэлснээр олуулаа болж нэгдэх саналыг цөөнгүй газарт тавьжээ. Иргэний эвсэл байгуулан хүчээ авч байсан Д.Энхбат саналыг нь хүлээн авч 2007 онд тус намд элсэн, улмаар дарга нь болов. Хэдийгээр “унтаа” ч гэсэн НН-ын байгаль орчноо хамгаалах үзэл баримтлалыг угаасаа “ногоон” сэтгэхүйтэй сонгогчид дэмжиж, түүнийг УИХ-д сонгосон.
Гэтэл одоо энэ намыг устган “хүчирхэгжүүлэх” сонголтыг тэр хийж байна. Энэ нь НН-ын ууган гишүүдийн хардсанчлан “Д.Энхбат зөвхөн УИХ-д сонгогдохын тулд ирээдүй, орон зайгаа мэдэрч амжаагүй, хүч султай НН-ыг ашиглах гэсэн юм биш байгаа” гэх эргэлзээ олон нийтэд төрж эхлэв.
Хүн таньдаггүй байсан НН-ыг түүхэнд нь анх удаа УИХ-д суудалтай болгосон, бас ч гэж эдүгээ улс төрийн ертөнцийн анхаарлын төвд авчирсан нь одоогийн даргынх нь гавьяа мөн. Олон жил унтсан НН одоо дотроо талцан хагаралдаж, улмаар тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаярын анхааралд хүртэл хүрсэн нь нэг талаараа нэр хүндийг нь өсгөх сурталчилгаа болж байна.
Гэхдээ үүн дээр дөрөөлсөн зөв шийдвэрийг НН-ынхан гаргах ёстой. Үзэл баримтлалаа, нэрээ цэврээр нь авч үлдсэн цагт олуулаа болох өөр зам бий. Тэгж байж ногоон улс төр хүчээ авах биш үү.
С.Туул