МАХН-ынхан намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсанаас хойш ажлын 30 хоног өнгөрчээ. Хуулийн дагуу тэдний өргөдлийг Дээд шүүх уг хугацаанд багтан шийдэх учиртай.
Тиймээс уржигдар УДШ-ийн гишүүд хуралдаад МАХН-ын асуудлыг түр хойшлуулж, Улс төрийн намын тухай хуулийн зарим заалтыг тодруулахаар Цэцэд хандсан юм байна. Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар өчигдөр мэдээлэл хийв. Тус намыг бүртгэхгүй байх сонирхол эрх баригчдад буюу МАН, АН-д байна хэмээн тэд үзэж байна. Цэцийн гишүүн Ж.Болдбаатар тухайн үед энэ талаар гаргасан дүгнэлтээ УИХ-д хамгаалж байхдаа МАХН-ынхны хүсээд буй тайлбарыг хэлж байсан аж.
Гэтэл одоо эсрэг зүйл ярих болсон байна. Дээд шүүх асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдчих боломжтой атал Цэц рүү шилжүүлсэн нь ердөө л эрх баригчдын ашиг сонирхлыг илтгэсэн хэрэг хэмээн тэд үзлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог “Шүүх МАН, АН-ын шахалтад автсан байна. 2006 онд Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа УДШ намуудыг дахин бүртгэсэн юм билээ.
Тэр үед АН хашилтан дотор МСДН гэх мэт нэгдсэн намуудынхаа нэрийг бичиж өгсөн. Дээд шүүх үүнийг нь боломжгүй гэж үзсэн атлаа МАН-ыг асуудалгүй бүртгэсэн. Одоо Цэц энэ асуудлыг уях хэрэггүй юм” гэлээ. Үзэл бодлоороо нэгдсэн хэсэг хүн нам байгуулах гэхээр ийм их бэрхшээл туулж буй нь Монголд хүний эрх, ардчилал байхгүй болсныг илтгэнэ гэж МАХН-ынхан үзэж байна.
Тус намын генсек Н.Удвал “Төр биднийг удирдах чадваргүй болсон нь харагдлаа. Тиймээс энэ төр огцрох цаг нь болсон. Төрийн үйл ажиллагаа МАНАН-гийн эрх мэдлээс гадуур байх боломжгүй болжээ” гэв.