Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Санг-Ву Мун нар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Сонгуулийг удирдан зохион байгуулж, явуулах салбарт хамтын ажиллагааны үндсийг тавих, хоёр талын сонирхлын хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл, технологи болон туршлага солилцох бололцоог хангахад энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа ажээ.
Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, улс төр дэх ардчиллын соёлыг хөгжүүлэх, сонгогчдын боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар түүнд тусгасан байна. Мөн мэдээлэл болон баримт бичиг солилцох, шинжээчид, ажилтнуудаа харилцан илгээх, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулж явуулах талаар хамтарсан судалгаа шинжилгээ хийх, талуудын сонирхсон бусад асуудлаар уулзалт, семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг талууд онцлон тэмдэглэв. БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 62 ширхэг компьютер бэлэглэж байгаагаа тус улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэж Монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөв.
БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын төлөөл өгчдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав нар тус тус хүлээн авч уулзав гэж СЕХны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.