Оюутны хотхоны ТЭЗҮ-г солонгосчууд хийнэ
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр буюу энэ гуравдугаар сарын 25-нд Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцлаа.
Их дээд сургуулийг оюутны хотхоны чиглэлээр хөгжүүлэх асуудлаар дэлхийд жишиг болсон БНСУ 1980-аад оноос оюутны хотхон байгуулж эхэлсэн бөгөөд ийм хотхонтой болж “өрх тусгаарласан” сургуулийн сургалтын чанар эрс сайжирч байсан тул улсын нэр хүнд бүхий сургуулиуд бүгд ийм оюутны хотхонтой болох жишиг тогтож эхэлжээ.
Эх орныхоо нийслэл Улаанбаатар хотын захын гэж болох Налайх дүүргийн Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулахаар тууштай ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд болон БСШУЯ-ны удирдлагууд тус улсад өнөөгийн байдлаар хамгийн отгон нь гэж болох Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцаж, хэрхэн өргөтгөл хийж байгаа туршлагаас нь сонслоо. Тус хотхон нь хоёр жилийн өмнө байгуулагдсан, таван давхар бүхий 25 барилгатай, үүний долоод нь цэвэр сургалтын үйл ажиллагаа явагддаг. Бусдад сургуулийн удирдах газар, спортын ордон, оюутны байр, эмнэлэг, сургалтын төв зэрэг оюутнуудад үйлчлэх үйлчилгээний газруудаас гадна шинжлэх ухааны хүрээлэнгүүд байдаг байна.
БНСУ нь боловсролын байгууллагуудад харьцангуй хямд зардлаар газар олгодог бөгөөд Инчоны их сургууль хотынхоо төвд байсан сургуулийн байр, газраа зараад Инчон хотоос 100 орчим км зайд, шинээр газар авч ийм хотхон байгуулжээ. Тус хотхон 10 мянган оюутан хүлээн авч, мэргэжил эзэмшүүлэх чадалтай талаар тус сургуулийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүст танилцууллаа. Манай улсаас 40 гаруй оюутан тус хотхонд байрлаж мэргэжил эзэмшихээр сурч буй бөгөөд тэдний төлөөлөл энэ өдөр улсынхаа Ерөнхий сайдтай уулзаж Монголд ийм оюутны хотхон байгуулах ажлын эхлэл тавигдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
БНСУ-д дэд бүтэц сайн хөгжсөн, иргэдийнх нь амьжиргааны түвшин харьцангуй сайн учир тус хотхонд багш нарын байр гэж байдаггүй, харин хотхоноос холгүй байх хорооллуудад амьдрах, тэндээс ажилдаа ирж байх шаардлагыг багш нартаа тавьдаг байна. Манай улсад шинээр баригдах оюутны хотхон үүнээс арай өөр, өөрөөр хэлбэл, хотхоныхоо 300 га газраас 40 га орчмыг нь тусгаарлаж, тэнд багш нарын орон сууцны барилга барихаар төлөвлөснөө Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрбээр мөн Шивээтийн хөндийд баригдах оюутны хотхоны номын сангийн барилгын техник эдийн засгийн үндэслэлийг Солонгосын тал хийж байгаа, хэрэв тэдэнд таатай боломж олдвол номын сангийн барилгыг тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж өгөх асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр хөндөгдлөө.
Энэ дашрамд дуулгахад, 2010 оны зургадугаар сард манай улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр тус улсаас олгохоор болсон 270 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг Оюутны хотхоны дэд бүтцийн асуудалд зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Улаанбаатар Налайх дүүргийг холбосон хурдны замын ажил энэ 2011 онд эхлэх бөгөөд ийм зам баригдсанаар Улаанбаатар Налайх дүүргийн хооронд автомашинаар явахад ердөө 15 минут зарцуулдаг болно гэдгийг салбарын сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Дэлхийд брэнд болсон үйлдвэрээс эм, эмийн бүтээгдэхүүн гэрээгээр авдаг болох асуудлыг судлах үүргийг салбарын сайдад өглөө
Ард иргэдийг өвдсөн хойно нь гадаадад эмчлүүлэх биш угтуулаад эмчилдэг байхыг чухалчлах зорилт тавьсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын жижиг дунд үйлдвэрийн тэр тусмаа биотехнологи, эмийн үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлж байгаа Инчон хотын “Селлтрион” эмийн үйлдвэртэй мөн танилцлаа. Тус компани нь Азийн бүс нутагт дэлхийн түвшний биоэм зүйн зорилгоор 2002 онд байгуулагдсан ч энэ богино хугацаанд хөрөнгө оруулалт хийгдэж, хамт олноо бүрдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан биоэм зүйн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх суурь технологи бүхий компани болон өргөжиж чаджээ.

Тус компани нь бүтээгдэхүүнээ АНУ, Европ зэрэг дэлхийн томоохон зах зээлд борлуулах сүлжээг бий болгосон төдийгүй олон үндэсний хийгээд гадаадын эмийн болон био технологийн компаниудтай стратегийн түншлэлийн холбоог энэ богино хугацаанд сайжруулж чадсан байна. Монгол Солонгос хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүрээнд туршлага солилцоход бэлэн байгаагаа тус компанийн удирдлагууд энэ үеэр илэрхийлж байлаа.
Тус компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, Тендерийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, энэ мэт дэлхийд брэнд болсон үйлдвэрүүдтэй гэрээ хийж, чанар сайтай эмийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд шууд авдаг болох асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болголоо.
Манай улс дотоодын эмийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас авдаг, ингэхдээ ард иргэдийнхээ физиологид тохирсон эмийн чанарын шаардлага сайн хангахуйц эмийн бүтээгдэхүүн оруулж ирж чадахгүй байгаа талаар салбарын сайд ярьж байлаа. Тэрбээр мөн монгол солонгос хүмүүс бие физиологи талаараа тун адилхан байдаг нь шинжлэх ухааанаар нотлогдсон, тиймээс манай улс Солонгосоос эм, эмийн бүтээгдэхүүн авдаг болох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, үүнтэй холбогдуулан харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Энэ хүрээнд тус улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэх болон Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих асуудал хөндөгдсөн бөгөөд ийм төвийг Хоёрдугаар эмнэлгийн хашаанд барихаар болоод байгаа талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Ингэснээр бүх төрлийн оношлогоог эх орондоо хийх боломж бүрдэж гадаад руу чиглэсэн мөнгөний их урсгал дотооддоо шингэх төдийгүй ард иргэдийн амьдрал ахуйд ч ихээхэн тустай хэмээн үзэж буй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Солонгос дахь Монголын жилийн нээлтэд зориулсан Монголын сор болсон уран бүтээлчдийн тоглолт гуравдугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний театрт боллоо. “Хөх тэнгэрийн орон” хэмээх Монголын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хоёр улсын Ерөнхий сайд сайд нар, танхимын зарим гишүүд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж сонирхсон нь эртний түүх, соёлын өргөн харилцаатай хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өглөө гэж тус театрт цугласан монгол солонгос иргэд ярьж байлаа.
Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын улсын эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна рок поп болон циркийн урлагийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээсээ сонордууллаа. Тоглолтод тус улсад амьдарч буй монголчуудаас гадна Сөүл хотын иргэд хүрэлцэн ирсэн байлаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин хуур, хөөмий, уртын дууныхаа гайхамшгийг уран бүтээлчид маань толилуулсан төдийгүй сонгодог болон орчин үеийн урлаг манай улсад хэрхэн хөгжиж байгааг болон монгол бүжгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харууллаа гэж тоглолт үзсэн үзэгчид сэтгэл хангалуун байлаа.

Монгол үндэсний урлаг болон урлагийн бүхий л төрөл жанрыг хамруулж чадсан “Хөх тэнгэрийн орон” тоглолтыг сонирхсоноор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилтоо тодорхойлсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж талууд үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.