Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргүүтэй МАХНыг бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэх Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын хурал тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо. Тус намыг бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаа буюу 30 хоног нь маргааш дуусах бөгөөд үүнээс өмнө Улсын дээд шүүхээс Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр өнөө маргаашийн дотор Цэцэд хандахаар болоод байна.
Тус намыг бүртгэх эсэх тухай асуудал хойшилсон нэг шалтгаан нь Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн зургаа дахь заалттай холбоотой гэдгийг Үндсэн хуулийн цэцээр тогтоолгох асуудал байгаа. Уг заалтад “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэжээ.
Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын нэхэмжлэлтэй, С.Молор-Эрдэнэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж чадахгүй түдгэлзүүлээд байгаа билээ. Цэц яг энэ асуудлаар иргэний гаргасан гомдлыг маргаан үүсгэлгүй зургаан удаа буцаасан аж. Тиймээс МАХН-ын гишүүд “Уг асуудлыг Цэц шийдэхгүй байхад танайх ингэж байгаа нь ямар учиртай юм бэ” гэсэн хүсэлт тавьсан аж.
Үндсэн хууль бүх хуулийн тулгуур учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгээ Улсын Дээд шүүхээс хэлсэн гэнэ. Мөн Улсын Дээд шүүхэд МАХН-ын өргөдлийг хянаж байхад Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн цөөнгүй зөрчил илэрсэн аж. Тухайлбал, намд 18 насанд хүрээгүй 10 гаруй хүүхэд гишүүн болсон байжээ.
Г.РАВЖАА