Улсын Дээд Шүүхэд гуравт эрэмбэлэгддэг асан Ногоон Нам ИЗН-тай нэгдэх асуудлыг таван удаагийн Бага хурлаараа хэлэлцжээ. Гуравт нь өнөө Д.Басандорж, О.Бум-Ялагч нар суусан гэнэ. Оролцсон гишүүдийн олонх нь нэгдэхийг зөвшөөрч, Их хурлын төлөөлөгчдийн 97 хувийн саналаар ИЗНН болсон. Бүх асуудал хуулийн дагуу, намын дүрмийн хүрээнд шийдэгдсэн. Түүхэн шийдвэр гаргадаг өглөө хуралдаа ирээч хэмээн мессэж бичсэн ч тэд олонхио хүндэтгээгүй гэж одоогийн ИЗНН-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах бодлогын зөвлөх Э.Зоригт ярив. Тийм болохоор Н.Энхбаяр МАХН-ыг өмчилнө гэдэг шиг Д.Басандорж, О.БумЯлагч нарт Ногоон Намыг “эзэмших” эрх байхгүй гэж ИЗНН-ын удирдлага өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Үнэхээр цаадуул нь Ногоон намаа авч үлдэх боломжтой гэж байгаа бол зохих газраа хандана биз гээд ИЗНН-ынхан тэдэнд ер ач холбогдол өгсөнгүй. Тэгсэн хэр нь Д.Энхбат нь “Худлаа юмыг мянга дахин давтвал үнэн болдог. Хуулиас гадуур цанхаархаж байгаа эдгээр нөхдийг хэвлэлийнхэн та нар оодруулж байна” гээд байгаа нь гайхалтай. Намаа нэгтгэсэн Д.Энхбат, түүний эсрэг талд байгаа хүмүүсийн хэн хэнийх нь үйл ажиллагааг хэвлэлийнхэн мэдээлж буй.
Харин мань хүний үгээр бол өөрийг нь сурталдаж, нөгөөдүүлийнх нь өмнүүр хөшиг татах ёстой юм байх. Нэгдлийг эсэргүүцэгчид ИЗН-д бас байжээ. Гэхдээ тэд нь олонхио хүндэтгэх ардчиллын зарчмаар ажилласан гэж С.Оюун дарга ярив. Амласан ёсоороо улс төрийн албан тушаалуудыг ИЗНН тэнцүү хуваажээ. Их хурлын дараа нэгдсэн намын 200 хүртэлх хүнтэй Үндэсний хороо хуралдаж 36 гишүүнтэй Улс төрийн зөвлөл, Хяналтын зөвлөлөө байгуулсан байна. Эдгээртээ 50:50 хувийн төлөөлөл хангажээ.
Үйл ажиллагаа, зохион байгуулалтаараа УИХ-ын Байнгын хороодтой төстэй Ногоон хөгжлийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсөв, эдийн засгийн, Намын гадаад бодлогын, Хууль, төрийн байгуулалтын бодлогын хороог байгуулж, Ч.Энхзаяа, С.Оюун, Д.Өлзийсайхан, М.Хүрэлсүх, Д.Энхбат, Э.Батбаяр нар удирдахаар болсон байна. ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Оюун сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалт, намын гадаад, дотоод харилцааг, дэд дарга Э.Зоригт сан хөмрөгийн асуудлаа хариуцаж ажиллах үүрэг хүлээжээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүг УИХ-ын гишүүн З.Алтайгийн хамт дэлхийгээр нэг үүргэвчтэй аялал хийснийг хүмүүс мэдэх байх. Тэгвэл одоо намынхаа үйл ажиллагаа сурталчлах зорилготой үүргэвчтэй аяллыг эх орондоо хийх гэнэ.
ИЗНН ойрын хэд хоногт багтааж холбогдох бичиг баримтуудаа цэгцлээд УДШ-д хандах юм. Ингэснээр дарааллын гуравдугаарт ИЗНН бичигдэж, тавд байсан Эх орон нам дөрөвт жагсаж, бусад нам тус бүр нэг шат ахих юм. Хоёр нам нэгдсэнээр хэдэн гишүүнтэй болж байна вэ гэж С.Оюунаас асуухад, -Албан ёсны 40 орчим мянган гишүүнтэй. Дэмжигч гишүүн 200 мянга гаруй бий гэв.
ИЗНН-ынхан нэг сайхан зүйлийг сэдэж дүрэмдээ оруулжээ. Бусад нам ч түүнийг нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд буруудахгүй санагдав. Хатуу гишүүнчлэлээс татгалзахыг тэд эрмэлзэж байна. Шинээр “дэмжигч гишүүн” гэсэн ойлголтыг бий болгож. Ийм “статустай” хүн намын хэрэгт оролцож, үйл ажиллагааных нь талаар үзэл бодлоо жинхэнэ гишүүн нь юм шиг илэрхийлж болох гэнэ. Заавал татвар төлөх албагүй. Анхны дэмшигч гишүүн нь УИХ-ын З.Алтай юм билээ. Цаашдаа Монголын улс төрийг эрүүл саруул байлгая гэвэл хатуу гишүүнчлэлээс татгалзах ёстой.
Аливаа нам хатуу гишүүнчлэл тогтоосноор хүмүүсийг үзэл бодлоор нь талцуулж, төрийн ажлыг улстөржүүлдэг. Зүй зохисгүй энэ хандлагыг халахын төлөөх эхлэл болгож манай нам дэмжигч гишүүнтэй болж байгаа юм гэж дэд дарга Э.Зоригт ярилаа.
Го.ЭНХТӨР